Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт, хөгжлийн хэлтэстэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-04 11:14:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн эрх тэгш гишүүний хувьд, нийгмийн амьдралд бүрэн оролцуулахыг дэмжиж ажилладаг, улсын хэмжээнд 18 салбартай, 4000 орчим гишүүнтэй ажээ.

Тус холбооны захирал С.Сэлэнгэ “Хөгжлийн бэрхшээл нь хүүхдийг эрхээ эдлэхэд бусдаас өөр ялгаатай болгодог” гэсэн хэвшмэл ойлголтоос болж тэд боловсролын үйлчилгээг чанартай авч чадахгүй, ялгаварлан гардуурхагдаж байна. Тиймээс хүүхдэд илэрч болох хөгжлийн хоцрогдлыг хүний ялгаатай шинж байдал хэмээн хүлээн зөвшөөрч, хүндлэх тухай дүрэм, журмыг ердийн сургуулиудад нэвтрүүлэхийг хүслээ. Мөн энэ онд “Хаалгаа нээ” аяныг хэрэгжүүлсэн тухайгаа танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ялгаварлан гадуурхахгүйгээр харьцахад бидэнд ямар ч хөрөнгө мөнгө хэрэггүй. Хандаж буй харц, харилцаж буй хандлагаа өөрчлөхөд ямар олон хүнд итгэл үнэмшил, урам зориг өгдөг билээ. Тиймээс ялгаварлан гадуурхлын сөрөг нөлөөг нийгэмд ойлгуулахад яам анхаарч, олон нийтийн итгэлийг хүлээсэн, сайн үйл ажиллагаатай төрийн бус байгууллагатай хамтран ажиллах замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, ялгаварлалгүй, тэгш хүртээмжтэй орчныг бүтээхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Мөн БСШУСЯ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сургалт, хөгжлийн бодлого хариуцсан хэлтэстэй болохоор зорин ажиллаж буйгаа хэлэв.

Уулзалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны эрх зүйч, зөвлөх болон наймдугаар ангийн сурагч Б.Ариунбилэг, ээжийн хамт оролцож, сурч боловсроход тулгамдаж буй зарим асуудлыг хөндөн ярилцсан юм. 

Холбоотой мэдээ