О.Бат-Эрдэнэ: Дундговь аймаг хөгжлийн гарцаа дөрвөн чиглэлээр тодорхойлж байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-05 19:57:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, түншлэл, хамтын ажиллагаа, аймгийн цаашдын зорилт, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим томоохон ажлуудын талаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 


-Дундговь аймгийн хөгжлийн чиг хандлага, гарцаа хэрхэн тодорхойлж байна вэ?

-Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа аймгийнхаа хөгжлийг дөрвөн чиглэлээр тодорхойлж байгаа юм.

Нэгдүгээрт аймгийн маань хөгжлийн хамгийн гол гарц бол мал аж ахуй. Манай аймаг төдийгүй Монгол Улс өөрөө мал аж ахуйд суурилсан эдийн засагтай. Тиймээс ХАА, мал аж ахуйг хөгжлийнхөө гол гарц хэмээн тодорхойлсон.

Хоёрдугаар гарц бол аймгийнхаа давуу тал, байгалийн үзэсгэлэнт газрууддаа түшиглэсэн аялал жуулчлал. Манай аймаг “Дуу хуурын өлгий-Дундговь” гэж яригддаг. Урлаг соёлын өв уламжлал ихтэй, алдартан гавьяатууд олонтой, монгол ахуй, зан заншлыг үзүүлж харуулах зүйл ихтэй тийм л аймаг. Мөн байгалийн үзэсгэлэнт  газрууд олон бий: Их, бага газрын чулуу, Онгийн хийд, Өөш манхан, Цагаан суварга гэх мэтчилэн... Тийм учраас энэ олон давуу тал, байгалийн үеэсгэлэнт газрууддаа түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа.

Ажлын байр нэмэгдүүлэх, орон нутагтаа баялаг бүтээхийн тулд дунд оврын үйлдвэрүүдийг бий болгож, хөгжүүлэх нь хөгжлийн гурав дахь гарц хэмээн тодорхойлсон. Мөрийн хөтөлбөртөө 21 үйлдвэр байгуулна гээд нэлээд том зорилт тусгачихаад явж байна. Хэдийгээр удаашралтай байгаа ч гэсэн эхнээсээ үйлдвэрүүд бий болж л байна. Хэдийгээр учиргүй ажлын байр нэмэгдүүлээд үр өгөөжөө өндөр хэмжээнд өгч чадаагүй байгаа ч гэсэн инновац шингэсэн үйлдвэрүүд үүд хаалгаа нээгээд явж байна. Ингэж жижиг, дунд үйлдвэрлэлийг нэлээн түлхүү бий болгон, ажлын байр нэмэгдүүлж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх бодлого барьж байгаа.

Дөрөв дэх гарц бол хариуцлагатай уул уурхай. Хариуцлагатай уул уурхай гэхээрээ мэдээж байгаль экологийн хувьд ээлтэй байх ёстой. Мөн нийгмийн хариуцлагын асуудал байх шаардлагатай. Нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдүгээрт манай аймагт үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа уул уурхайн компаниуд өөрийнхөө хүнс, бараа бүтээгдэхүүн, хөдөлмөрийн багаж, хувцас гээд ханган нийлүүлэлтээ орон нутгаас, манай аж ахуйн нэгжүүдээс худалдан авч байх, хоёрдугаарт туслах ажилтнуудынхаа 60-аас доошгүй хувийг орон нутгийн иргэдээс авч ажиллуулдаг байх, гуравдугаарт аймгийн соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг байх шаардлагатай гэж үзэж байгаа.

-21 үйлдвэр байгуулах зорилт тавиад, жижиг дунд үйлдвэрийг хөгжлийн нэг гарц хэмээн тодорхойлжээ. Ямар үйлдвэрүүд бий болж, энэ чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

-15 суманд нэг нэг үйлдвэр байгуулах чиглэл гаргасан. Сум бүрт тухайн орон нутгийн онцлог, давуу талд түшиглэсэн үйлдвэр байгуулахгүй бол нэг төрлийн олон үйлдвэрлэл байгуулчихвал түүхий эд материалын хомсдол үүсэх, жижигхэн зах зээл дээр хэт өрсөлдөөн бий болж, нэг хэсэг нь ашиггүй болох магадлалтай. Тиймээс бодлогоор ингэж тодорхойлсон.

Одоогийн байдлаар барилгын материалын хуурай хольцын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үйлдвэр маань хэдийгээр ажиллах хүч цөөн, хүчин чадал багатай эхэлж байгаа боловч техник, технологийн шинэ дэвшлийг ашигласан, инновац шингэсэн үйлдвэр байгаа. Энэ үйлдвэрийн хамгийн гол түүхий эд нь манай говьд хамгийн их элбэг, тэгээд хамгийн ихээр ад үзэгддэг шуурсан элс болдгоороо онцлогтой. Тиймээс үүнийг цаашид хөгжих боломжтой, ирээдүйтэй үйлдвэр гэж бид төсөөлж байна.

Мөн эсгийний үйлдвэр, гар урлалын, модон хувин үйлдвэрлэдэг гээд жижиг үйлдвэрүүд бий болж, бодлогоор дэмжээд явж байна.  ЖДҮ, СХС-гийн дэмжлэгтэйгээр хөгжиж байгаа.  

Тэрнээс гадна манай аймагт сүүлийн жилд ресторан, зочид буудлын үйлчилгээ харьцангуй сайжирч байна. Энэ жил хоёр ч ресторан, зочид буудал ашиглалтад орлоо. Хамгийн гол нь гадна, дотны зочид, аялагчид, явуулын хүмүүст стандартын шаардлага хангасан цэвэр, тохилог орчинд хүссэн үйлчилгээг нь өгч, өндөр сэтгэл ханамжтай үдэж байх, мөн ажлын байр нэмэгдэж, тухайн бизнесийн байгууллага өөрөө ашигтай, орлоготой байх тийм үйлчилгээ чухал юм.

-Энэ онд ямар бүтээн байгуулалтууд өрнөж байна, цаашдаа хийх ажлуудын талаар?

-Хөрөнгө оруулалтын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 28 нэр төрлийн шилжих болон шинээр барих барилга, байгууламжийн ажил хийх юм. Нийт төсөвт өртөг нь 45 орчим тэрбум төгрөг байна. Түүнээс энэ жил 25 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Үлдэгдэл хөрөнгө бол ирэх оны төсөвт сууна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх 28 ажлаас онцлоод ганц нэг ажлыг дурдья. Манай ТХДЖТ-ын барилга бол 2012 онд анх суурийг нь тавиад долоон жил зарцчихсан байсан. Энэ барилгын ажлыг эхлүүлэхээр болж байгаа. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд өнгөрсөн жил Ерөнхий сайдыг манай аймагт ажиллах үеэр бид нэн даруй шийдэх шаардлагатай асуудлуудыг тавьсан. Асуудал олон байдаг, асуудлаа яриад байвал асар олон жагсаалт гарна. Бүгдийг нэг дор шийдэхэд хэцүү, тийм учраас ойрын хугацаанд энэ жилдээ багтаагаад хийх шаардлагатай хэдэн бүтээн байгуулалтын ажил байна, үүнийг дэмжиж өгөөч гэсэн санал тавьсан.

ТХДЖТ-ын энэ барилга бол хөрөнгийн маргаантайгаас болоод өдий хүртэл гацсан байсан. Мөн Өлзийт, Дэлгэрхангай суманд шилэн кабель тавих асуудлыг мөн үндэслэлтэй тавьсан. Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн барилга суулт өгч, МХГ-ын дүгнэлт гараад хаачихсан байгаа, тиймээс хуучин барилгыг буулгаж, шинээр барих, аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн барилгын хувьд ачааллаа дийлэхээ байсан, нэлээд хуучирсан байгаа учраас шинэ эмнэлэг барих гэсэн энэ таван асуудлыг тавьж, Ерөнхий сайд очингуутаа Засгийн газрын хуралдаанд оруулаад холбогдох сайдуудад үүрэг өгч, бүгд шийдэгдэж, 2019 оны улсын төсөвт  хөрөнгө нь батлагдсан юм.

Тэгээд энэ ажлууд маань одоо хуулийнхаа дагуу тендер зарлагдаад зарим нь эхлээд явж байна.

-Дундговь аймагт энэ жил шинээр Цэвэрлэх байгууламж, Дулааны станц барих талаар яригдаж байсан, хаанахын ямар хөрөнгө оруулалтаар хийх вэ, гадаадын хөрөнгө оруулалтаар өөр ямар ажлууд хийж байна вэ?  

-Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд өнгөрсөн жил эхэлсэн, энэ жил ажил нь дуусч байгаа, нэг томоохон ажил бол Улаанбаатар - Ммандалговь хотыг холбосон 330 квольтын цахилгааны шугамыг тавиад бараг дуусч байна. Аймгийн төвд дахин дамжуулах станцын барилга баригдаж, ашиглалтад орох ёстой юм. Энэ ажлын өртөг нь 119 сая америк доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг болдог юм. Энэ бол зөвхөн Дундговь руу чиглэсэн хөрөнгө оруулалт биш л дээ. Энэ бол говийн бүсийн аймгуудын цахилгааны асуудлыг бүрэн цогц байдлаар шийдэж байгаа дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил байгаа юм л даа.

Манай аймгийн хувьд бол Багануураас цахилгаанаа авдаг. Цахилгааны шугамд гэмтэл гарах, цахилгаан тасалдах, доголдох явдал ихээхэн гардаг. Шинээр цахилгаан дамжуулах шугам ашиглалтад орсноор бид бүхэн ямар ч байсан цахилгаанаар тасалдахгүй байх боломж бүрдэж байна гэсэн үг. Энэ намартаа ашиглалтад орчихно. Энэ ажлыг БНХАУ-ын ТBEA компани гүйцэтгэж байна.

Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн цэвэрлэх байгууламж барих ажлыг хийнэ. Энэ бол найм орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Манай аймгийн төвийн цэвэрлэх байгууламж үндсэндээ аймгийн төв дотроо шахуу байдаг. Хэрэв зүүн урдаасаа салхилбал хот дотроо үнэртдэг, бохироо цэвэрлэж чадахаа байчихсан, бохир нь гадагшаа урсаад, тэндээс нь үхэр мал уудаг, хорддог барьдаг гээд асуудал их байгаа. Тиймээс энэ бүтээн байгуулалтыг хийснээрээ дээрх бүх асуудлыг бүрэн шийдэх юм. Одоогийн цэвэрлэх байгууламж цэнгэлдэх хүрээлэнтэй зэргэлдээ байгаа, энэ бол их зохисгүй асуудал. Тиймээс одоогийн байгаа цэвэрлэх байгууламжаас урагшаа 2 км-т, стандартыг хангасан, орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан, тийм шинэ цэвэрлэх байгууламжтай болно. Эндээс гарсан саарал усаа ашиглаад ногоон байгууламжаа услах, ашиглах бүрэн боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ ажил одоо тендерийн шатандаа явж байна. Намартаа ажил нь эхэлнэ.

Дулааны станцын ажлыг БНСУ-ын Экспорт, импорт хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар хийнэ. Бидний төлөвлөж байгаагаар энэ жилдээ багтаагаад тендерээ зарлахаар ажлаа төлөвлөөд, хэрэгжүүлээд явж байна.ТЭЗҮ-ээ боловсруулаад дууссан. Гүйцэтгэгчээ шалгаруулчихвал ирэх оноос барилгын ажил эхлээд ойрын хоёр жилдээ багтаад дулааны станцыг ашиглалтад оруулна гэсэн үг. Ингэснээр манай аймгийн хувьд дулааны ханган нийлүүлэлт сайжирна. Мөн хэрэглээний халуун устай болно.

-Аймгийн төвдөө дулаан хангамж сайжирч, цэвэрлэх байгууламж барих нь, харин хөдөө сумд руугаа энэ ажлыг хэрхэн хийж, хэрэгжүүлж байгаа вэ?

-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, энэ хоёр жилдээ багтаагаад хөдөөгийн 14 сумаа дулааны нэгдсэн халаалттай болгохоор зорьж байна. Өнгөрсөн жил 4 сум холбогдсон. Өмнө нь хэд хэдэн сум холбогдсон. Энэ жил үлдсэн 4 сумыг холбоно. Ингэснээрээ хот суурин газрын хөгжлийн хамгийн гол асуудал болсон дулааны асуудлыг хөдөөгийн сумдад шийдэж байна. Сумдынхаа төвийг нэгдсэн дулаан хангамжид холбосноороо дулааны доголдол гарахгүй, эрүүл ахуй, байгаль орчноо хамгаалах талаас чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь сумандаа шинээр орон сууц, барилга байшин барих, хөгжих таатай орчин бүрдэж байгаа юм.

-Аймгийн удирдлагуудын хувьд хөрш, зэргэлдээх улс, орнуудад хэд хэдэн удаа айлчилсан. Гадаад хамтын ажиллагааны талаар тодруулахгүй юу?

-Ер нь бол бид зөвхөн улсын төсвийг харж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээ хязгаарлахгүй байгаа юм. Гадаад, дотоодын хандивлагчид, хөрөнгө оруулагчдын анхаарлыг нааш нь хандуулах, хөрөнгө татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого барьж байгаа л даа. Үүний нэг жишээ бол ӨМӨЗО-ы Баяннуур аймагтай өнгөрсөн жил хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд 6 дугаар сарын 12,13-нд Баяннуур аймгийн болон манай аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөнийг Мандалговьд зохион байгуулна. Энэ үеэр хоёр аймгийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний дээжээс бүрдсэн хамтарсан үзэсгэлэн худалдаа болно.

Мөн энэ хоёр аймгийн бизнесмэнүүдийн хооронд уулзалт зохион байгуулна. Энэ нь бизнесийн түншлэл, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, туршлага судлах, харилцаа холбоо бий болгох энэ боломжийг нь нээж өгч байгаа юм.

Мөн БНХАУ-ын Шаньши мужтай гэрээ байгуулсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд одоогоор эмнэлгийн зарим нэг тоног төхөөрөмж нийлүүлэхээр яригдаж байгаа.

-Энэ зун наймдугаар сард 3000 уртын дууч, морин хуурчдын нэгдсэн тоглолт, “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг Их газрын чулуунд зохион байгуулахаар төлөвлөөд, энэ талаар мэдээлэл, сурталчилгаа нэлээд хийж байна. Энэ наадмын ач холбогдлын талаар тодруулж өгнө үү?

-Ер нь бол манай аймгийг “Дуу хуурын өлгий” гэж ярьдаг. Сүүлийн үед бол манай аймаг үүнийгээ батлан харуулах дорвитой ажил хийж чадаагүй. Зууны манлай хоёр дуучин Ж.Дорждагва, Н.Норовбанзад, Монголын дуурийн манлай дуучин Г.Хайдав гээд маш олон алдартан гавьяатан, авьяастнууд төрөн гарсан л гэж ярихаас биш, үнэхээр Дундговь гэдэг чинь Дуу хуурын өлгий нутаг мөн юм байна шүү гэдгээ харуулсан томоохон үйл ажиллагаа явуулж чадахгүй л байгаа юм.

Тиймээс энэ үйл ажиллагаа их ач холбогдолтой. Нэгдүгээрт энэ бахархлаа бид батлан харуулах гээд байгаа юм. Хоёрдугаарт аймгийн хөгжлийн нэг чиглэл болгож байгаа Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ардын урлаг, ардын ахуй, ёс заншлыг харуулсан үйлчилгээ үзүүлж, аймгаа сурталчлах том зорилгын төлөө явж байна.

Энэ үйл ажиллагаа бол 3000 уртын дууч, морин хуурчийн тоглолтыг цөмөө болгосон “Урлаг соёлын цогц үйлчилгээ” байх юм. Тиймээс хол ойрын, гадаад дотоодын жуулчдыг ирж сонирхоосой, “Дуу хуурын өлгий-Дундговь” аймгийн бахархлыг мэдрээсэй, сонор юугаа мялаагаасай гэж хүсч байна даа.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

Холбоотой мэдээ