Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-05 18:18:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлэх тасгийг өнөөдөр нээлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд үзүүлж буй гемодиализын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд гемодиализын тасаг нээх зорилт тавин ажиллаж байна.

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, “Монгол Улсад бөөрний архаг дутагдал зонхилох таван өвчлөлийн нэгд тооцож байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тавьсан зорилтын дагуу бид есөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийг мэс засал, хавдар, гэмтлийн тасагтай болгох, бөөрний гемодиализын аппаратаар хангах юм. Одоогоор Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Багануур, Налайх дүүргийн эмнэлэгт бөөрний архаг дутагдлын тусламж, үйлчилгээг үзүүлж байсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мөн энэхүү үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо” хэмээв.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь шинээр гемодиализын тасаг нээхээр эмч мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулах, өрөө тасалгааг тохижуулах, аппарат, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг хийжээ. Ингэснээр тус дүүргийн бөөрний архаг дутагдалтай үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж ойртон дүүргийнхээ эмнэлэгт бөөр орлуулах эмчилгээг авах боломж бүрэн нээгдэж байна.

Нээлтэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ