Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-07 09:01:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-нд тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв.


Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцлаа.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайд анх удаа Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байгааг тэмдэглээд ирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд сайд Вивиан Балакришнан Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Улс төрийн найрсаг харилцаа бэхжиж,  хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн тул цаашид бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх цаг болсныг талууд тэмдэглэсэн юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улс Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Харин Сингапурын тал Монгол Улсын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг түгээхэд дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.


Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 100 сая үзэгчидтэй “Channel News Asia” сувгийн шууд нэвтрүүлэгт оролцож, Монгол, Сингапурын харилцаа болон Монгол Улсын гадаад бодлогын талаар ярилцлага өгөв. Мөн Сингапур Улсын Үндэсний Судалгааны сангийн ажилтай танилцлаа. Тус сан нь Сингапурын судалгаа, инновацад суурилсан хөгжлийн бодлого, стратегид хөрөнгө оруулалтын дэмжлэг олгодог бөгөөд Сингапур улсын өнөөгийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэж буй юм. Тиймээс тус сангийн удирдлагыг Монгол Улсад урьж, манай улстай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахыг манай талаас санал болгов.

Холбоотой мэдээ