Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зайн оношилгоо хийх боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барихын яаралтай тусламжийн тасаг өвчтөний биеийн байдлыг камераар шууд дамжуулан ЭХЭМҮТ-ийн 24 цагийн зөвлөгөө өгөх нэгжээс зайн оношилгооны зөвлөгөө авах, мэргэжилтнүүдээ сургах боломжтой боллоо.
НҮБ-ын Хүн
амын сан, Люксембургийн Их вант улсын санхүүжилттэй “Эх, нярайн зайн
оношилгооны төсөл”-ийн төгсгөлийн үе шатны үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 4,5-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барихын яаралтай тусламжийн эх барих,
эмэгтэйчүүд, нярайн эмч, эх баригчдад өртөөчилсөн сургалт зохион байгуулж,
эх барихын яаралтай тусламжийн тасагт шууд холболтын энэхүү тоног төхөөрөмжийг
гардуулжээ.
Нийт 56 сая төгрөгийн өртөг бүхий уг
тоног төхөөрөмжийг суурилуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн
удирдлага, тасгийн эмч нарт хүлээлгэн өгсөн юм.
Ингэснээр өвчтөний биеийн байдлыг
яаралтай үнэлэх, цаг алдалгүй түргэн шуурхай эмчлэх, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг
боловсролыг байнга дээшлүүлж, хамтын
ажиллагааг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа ажээ.
Мөн эх барихын яаралтай тусламжийн
11 төрлийн өртөөчилсөн сургалтыг эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмч, эх баригч
нарт зохион байгуулж, хэрэглэх тоног төхөөрөмжийг практикт хэрхэн ашиглах
талаарх заавар, зөвлөгөө өгчээ. Сургалтыг ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн
эмч, сургагч багш Ж.Отгонбаатар, эх нярайн зайн оношилгооны төслийн мэргэжилтэн
Б.Шинэтөгс, ЭХЭМҮТ-ийн мэдээллийн төвийн ажилтан Н.Чулуун-Эрдэнэ нарын баг хамт
олон удирдан явуулсан байна.