Б.Гарамгайбаатар: Цөмийн хаягдлыг хилээр оруулж ирэхийг МАН дэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-30 12:17:52

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Гишүүдийн ирц бүрдээгүй тул чуулганыг 14.00 цаг хүртэл хойшлуулаад байна. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнөө өглөө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Есөн цагаас нэгдсэн чуулган хуралдах ёстой байсан ч Ардын намын бүлгийн гишүүд мөн л ирсэнгүй. Нэгэнт УИХ-ын даргын захирамж гарсан тул бид ажлаа хийх ёстой.

Өргөн барьсан хуулийн төсөлд ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглосон заалт тусгасан байгаа. Иргэдийн хүсэлтийг тусгаж өгсөн гэсэн үг. Гэтэл Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг Ардын нам дэмжиж байгаа юм байна, харин Ардчилсан нам үүнийг зөвшөөрөхгүй. Хуулиа баталчихаад дараа нь Олон улсын конвенцид нэгдэн орох юм бол бид ямар ч асуудалгүйгээр ажлаа явуулах боломжтой. УИХ-ын чуулган дахиад 14:00 цагаас зарлагдсан. Хэрэв чуулган эхэлвэл энэ асуудлыг хэлэлцэж, цэг тавина" гэлээ.

-Энэ яаралтай батлах ёстой хууль мөн үү?

-Яаралтай батлах шалтгаан нь ойлгомжтой. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө Монгол Улсын Засгийн газар олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу энэ асуудлыг танилцуулах ёстой. Тэгэхээр УИХ-ын чуулганы ирц бүрдэж, албан ёсоор эхэллээ л бол эдгээр асуудлыг ярина. Батлагдах, дэмжлэг авах эсэх нь гишүүдийн үзэл бодол, кнопоо хэрхэн дарахаас шалтгаална. Уг нь чуулганд орохгүй байх шалтгаан харагдахгүй байна. Гол нь чуулгандаа оролцож, асуудлыг хэлэлцэн, намууд байр сууриа илэрхийлж, гишүүд асууж тодруулах зүйлээ сонсоод, шийдвэрээ өөрсдөө гаргана. Хэн нэгэн хүнд нөлөөлж байгаа юм огт байхгүй.

-Ардчилсан намын гишүүдийн ирц хэдэн хувьтай байгаа вэ?

-Ардчилсан намын 35 гишүүнээс 30 нь ирсэн байна. Зарим гишүүн өнөөдөр зохион байгуулагдаж буй Эдийн засгийн форумд оролцож байгаа. Мөн “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон намын гишүүдийн ирц бүрдсэн. Тэд УИХ-ын даргын шийдвэрийг хүндэтгээд чуулгандаа ирсэн байна. Гэтэл Ардын намын гишүүд болон О.Баасанхүү, бие даагчид чуулгандаа ирсэнгүй. Бид тэдний яриад байсан зүйлийг нь албан ёсоор хуульчлаад өгье гэтэл өөрсдөө ирэхгүй байна. Чуулган дээр гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг хадгалж, асуулт тавьж, хариултаа авах хэрэгтэй. Намууд мөн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Гарах шийдвэр нь ямар ч байж болно. Ийм шийдлийг хийх гэж оролдож байна. Гэтэл янз бүрийн шалтаг шалтгаан дурдаж, хуралдаа оролцоод асуудлаа хэлэлцэхийн оронд гадуур өөр зүйл яриад байгаа нь зохисгүй байна. Хүмүүсийн тайван байдлыг алдагдуулаад байх шаардлагагүй гэж Ардын намынханд хэлье.

Б.Туул

Холбоотой мэдээ