Налайхын замын шинэчлэлийн ажил 20 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-08 17:37:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай өнөөдөр танилцав.


Уг төсөл энэ оны дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 30 гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм.  Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байна.



Төслийн хүрээнд 60 гаруй жилийн насжилттай, хоёр эгнээ 20,9 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ. Энэ нь Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг сайжруулах, автозамын түгжрэл , агаарын бохирдлыг бууруулах, зорчигч нийтийн тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын транзит ачаа тээврийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх юм. Төслийн хүрээнд 20,9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажил хийнэ.



Ерөнхий сайдтай хамт БСШУС-ын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс ажиллаж байна. Ажлын баг үргэлжлүүлэн Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эрүүл мэндийн төв, “Голомт” цогцолбор сургууль, 23 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн дүүргийн удирдлагуудтай нэгдсэн хурал хийж, үүрэг чиглэл өгнө. Улмаар Налайх дүүргийн иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого, хөтөлбөр, зорилт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, орон нутаг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ