Д.Эрдэнэбат: О.Баасанхүү гишүүн АН-ын зөвлөлд орох хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-10 12:24:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Г.Батхүүгийн амь хохирсон хэргийн талаар ОУПХ-нд хандсан талаар хэлэлцжээ.


Тодруулбал, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг энэ баасан гарагт хэлэлцэх болсонтой холбогдуулж, ямар байр суурьтай байхаа хэлэлцсэн. Мөн Монгол Улсад ажилласан ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчтэй уулзаж, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг, Г.Батхүү нарын амь хохирсон хэргүүдийг анхаарахыг хүсэж, байр сууриа илэрхийлсэн тухай ярилцсан хэмээн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэв. 


Тэрбээр, “Ардчилсан шинэ үндсэн хууль нь 25 жил Монгол Улсын ардчиллын замаар хөтөлж, парламентыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн тодотгоод, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага байгааг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн. Харин Үндсэн хуулийн өөрчлөлт сөрөг хүчингүйгээр батлагдах эрсдэл байгаа тул ардчилсан үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулахгүй байхад анхаарч, өөрчлөлт орсон өгүүлбэр, үг, цэг, таслал бүрийг нягталж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.


Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын баг гарах үед Ардчилсан намаас гурван шаардлага бүхий мэдэгдэл гарсныг тэрээр дурдаад, тэрхүү байр суурьтаа хэвээр байгааг онцолсон. Тодруулбал, хуульд өөрчлөлт оруулахдаа, бүх ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндийг унагааж байгаа асуудлыг цэгцлэхийг шаардсан. Мөн хэлэлцүүлгийн үеэр, ажлын багт байр сууриа тодорхой илэрхийлж, санал дүгнэлтээ тусгахаа мэдэгдэж байжээ.


“Г.Батхүү агсны амь хохирсон хэрэгт ОУПХ-ны төлөөлөл хамтран ажиллахаар болсон. Үүнд албан ёсоор өргөдөл бичиж өгөх шаардлагатайг ОУПХ-ны хүний эрхийн хорооноос мэдэгдсэн. Энэ асуудлаар ажлын баг гаргасан бөгөөд АН-ын гишүүн Х.Тэмүүжин ахлаж байна” гэж УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. 


Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулав. 


-УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Энэ тухай танай зөвлөлд хандсан уу? 

-О.Баасанхүү гишүүн урьд нь АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллахаа албан бусаар мэдэгдэж байсан. УИХ-ын гишүүний хувьд уу, намаа төлөөлж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Одоогоор албан ёсоор АН-ын зөвлөлд орох хүсэлтээ ирүүлээгүй байна.


-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын багт АН-ын зөвлөл оролцох уу?

-АН-ын зөвлөлийг ажлын багт оруулах хүсэлт одоогоор ирээгүй байна. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх үеэр, өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй юм. Ирэх тавдахь өдөр анхны хэлэлцүүлэг эхлээд, цаашид үндсэн хуулиас өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй гэж ойлгож байна. 

Холбоотой мэдээ