Нууранд усан онгоц осолджээ

Дэлхийд | Байгаль орчин
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-10 13:48:46
КИНШАСА. /СNN/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 350 гаруй зорчигчтой усан онгоц хөмөрсөн тухай албаны хүмүүс мэдээллээ.

Тус улсын баруун нутгийн Инного хотын амбан захирагч Симон Мбо Вемба "CNN" телевизэд өгсөн ярилцлагадаа "усан онгоц осолдсон нууранд аврагч нар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 183 зорчигчийг авраад байна" гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр, тус усан онгоц нь Инного хотоос өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн шөнө хөдөлсөн бөгөөд хүрэх газраас хэдхэн километрийн зайд хүчтэй салхинд өртсөний улмаас Май-Ндомбе нууранд осолдсон байна.

Конгод усан замын тээврийн ослын улмаас хүний амь эрсдэх тохиолдол түгээмэл гардаг. Энэ нь хөдөө орон нутгийн оршин суугчид усан замаар зорчих нь их байдагтай холбоотой юм.

2015 онд Конго мөрөнд 2 усан завь мөргөлдсөний улмаас 100 хүн ор сураггүй болсон талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байсан. Усан онгоц, завины эдэлгээ муудаж, хуучирсан болон жолоодогчийн туршлагагүй байдал, усан замаар зорчих чиглэлийн дүрмийг зөрчсөх зэрэг нь ийм төрлийн ослын гол шалтгаан болж байна гэж ДЭМБ мэдээлэлдээ дурджээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Конго улсын баруун нутагт усан завь осолдсоны улмаас 150 гаруй хүн ор сураггүй болсон байна. Тус улсын Ерөнхийлөгч Феликс Тшисекеди ослын улмаас амиа алдсан хүмүүст зориулж үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлаж байжээ.
Холбоотой мэдээ