Д.Хаянхярваа: Цөмийн асуудлаар АН гүтгэлэг тараахаа болих хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-30 13:09:00

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ээлжит бус чуулгантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ардын намын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганд ирэхгүй байна, ирцээр бойкотолж байна гэж АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар удаа дараа мэдэгдэж байгаад харамсаж буйгаа мэдээллийн эхэнд онцоллоо.

Цааш хэлэхдээ, "Олон нийтийн зүгээс ч энэ асуудлаар шаардлага тавьж, байр сууриа илэрхийлж байна. Тиймээс олон нийтийн шаардлага, ард иргэдийн эргэлзээ тээнэгэлзээ, байр суурийг сонсож, үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн хүмүүс, судлаачдаар судлуулсны эцэст энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Ийм чухал асуудлыг заавал ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэх учир юу байна. Ардын нам энэ конвенцид нэгдэн орохыг эсэргүүцэж, Монголд цөмийн хог хаягдлыг булшлахыг дэмжиж байгаа мэтээр АН-ын бүлгийн даргын зүгээс удаа дараа тайлбарлаж байгааг гайхаж байна.

Засгийн газар өчигдөр Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг аваад үзэхээр нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болох вий.  Учир нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", 10 дугаар зүйлийн 3-т "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэж заасан. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өчигдөр өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг баталсан ч гэсэн  олон улсын гэрээний заалтаасаа илүү давж үйлчлэх эрхгүй байгаад байна. Иймд ард иргэдийн дунд үүссэн эргэлзээг арилгаж, үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн ойлголтод хүрч байж энэ асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэх хэрэгтэй" гэлээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ