Д.Тогтохсүрэн: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-10 17:14:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны талаар тус бүлгээс мэдээлэв. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ, ардын нийтийн саналыг авахаар тогтсон талаар мэдээлэлд онцлов.


Бүлгийн хуралдаанаар үндсэн гурван асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжсэн. Ингээд 2016 оны мөрийн хөтөлбөрт орсны дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, ард нийтийн санал авна гэсэн чиглэлээ баримтлах боллоо. Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс гадна, ард түмний саналыг хэлэлцүүлж, тусгахаар төлөвлөж байна. Төлөвлөгөөний дагуу, энэ долоо хоногоос хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Ард түмний саналыг авбал 10 дугаар сар хүртэл хэлэлцүүлэг үргэлжлэхээр байна. 


Засгийн газрын ажиллагааны Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тавдугаар сард хэлэлцэх үеэр, УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын баг байгуулсан. Тус ажлын баг сарын хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, цаашид анхаарах асуудлаар дүгнэлт бэлтгэсэн. Өнөөдрийн хурадаанаар уг дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд явах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. 


Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай. Энэхүү төслийг бэлтгэх ажлын багийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахлаж ажиллахаар боллоо” гэв.


Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцбэл хаврын чуулган хугацаандаа завсарлаж чадах уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  явц дөрвөн хуулиар зохицуулагддаг. Тодруулбал, Үндсэн хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар зохицуулагдах тул хуулийн хугацаатай. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж багтахгүй учраас хаврын чуулган хаасны дараа ээлжит бус чуулганаар үргэлжлүүлнэ. Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр УИХ шийднэ гэвэл долоодугаар сарын 25 гэхэд дуусна. Ард нийтийн санал авбал 10 дугаар сар хүрэх төлөвтэй. Гэхдээ бүлгийн хуралдаанаар ард нийтийн санал авах нь зүйтэй гэдэг чиглэлд тогтсон.


-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг нэлээд нарийвчилж авч үзсэн. Засгийн газар дээр хэлэлцэж байгаад ажлын баг гарсан, ТЭЗҮ хийсэн зэрэг ажлыг биелэлтэд оруулбал 68 хувийн биелэлттэй болж байгаа юм. Яг бодитой, нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажил хийснээр нь дүгнэхэд 50.4 хувийн биелэлттэй байгаа дүн гарсан. Зарим нэг хууль, тогтоолын төсөл батлагдсан хэрнээ ирэх оноос хэрэгжиж эхлэх бол биелэлт 0 хувь гэж дүгнэсэн. Хуучин дүгнэж байсан жишгээр дүгнэвэл 68 хувьтай гарах юм.  Засгийн газрын мөрийн хөтөлбөр гурван чиглэлд харьцангүй сайн хэрэгжсэн байна. Тухайлбал, Макро эдийн засгийн үзүүлэлт сайжирсан. ДНБ-ний өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол ноднин 6.9 хувьтай, энэ жилийн эхний дөрвөн сард 8.6 хувь болсон байна. Мөн гадаад валютын нөөц 2016 онд 1.2 тэрбум ам.доллар байсан бол энэ оны дөрөвдүгээр сард 3.8 тэрбум ам.долларт хүрлээ. 


-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх хугацааг хэрхэн төлөвлөсөн бэ. Хуулийн өөрчлөлт хийхтэй холбоотой зардлыг хэрхэн тооцсон бэ? 

-Энэ долоо хоногт төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, баасан гарагийн чуулганы хуралдаанаар, хэлэлцэх эсэхийг шийднэ. Ингээд 7-8 хоногийн завсарлага байна. Энэ хооронд ард нийтээс санал авна. Дараа нь хоёрдугаар хэлэлцүүлэг хийх бөгөөд мөн л дараа нь ард нийтийн саналыг авах юм. Хоёрдугаар хэлэлцүүлэг наадмын өмнө дуусна. Ингээд хаврын чуулган завсарлаж, ээлжит бус чуулган зарлана. Зардлын хувьд, одоогоор гарсан зардал байхгүй ч ард нийтийн санал асуулгад тодохой зардал гарна. Тиймээс үүнтэй холбоотой асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, УИХ-ын Тамгын газар бэлтгэж байна. Ийнхүү зардлыг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ