“Банкны хөгжил-95 жил” аян Говь-Алтай аймагт амжилттай өрнөлөө

Фото
185@montsame.mn
2019-06-11 09:28:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлсэн “Банкны хөгжил-95 жил” аяныг Говь-Алтай аймагт амжилттай өрнүүллээ.

Хоёрдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн уг аяны хүрээнд Говь-Алтай аймаг дахь Монголбанкнаас харьяа арилжааны банкны салбаруудтай хамтран “Говь-Алтай аймаг дахь банкны салбарын түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, түүхэн хөгжил, онцлог үйл явдлыг олон нийтэд сурталчлах тусгай сонины булан ажиллуулах, аймгийн Орон нутгийг судлах музейтэй хамтран мөнгөн тэмдэгтийн үүсэл хөгжлийг харуулсан үзмэрийг иргэд, олон нийт, сургуулийн сурагчдад харуулах зэрэг өргөн цар хүрээтэй ажлуудыг хийжээ.

Тодруулбал, банкны хөгжлийн үүсэл хөгжлийн замналын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн олны хүртээл болгон, ЕБС-ийн сурагчдад банкны салбарын тухай мэдээлэл хийж “Миний мэдэх банк” эсээ бичлэг, гар зургийн уралдааныг өрнүүлэх, Монголбанкны үйл ажиллагаа, салбартай танилцуулах, албан байгууллагын ажилтнуудад аяны мэдээлэл хийх, мөнгөний долоо хоногийг сурагчдын дунд өрнүүлэх, түүнчлэн ЕБС-ийн сургуулийн дунд ангийн сурагчдыг аяндаа хамруулж “Анар Ану хоёр” номын уншлагыг зохион байгуулсан байна.

Түүнчлэн аяны хүрээнд “Банкны ажилтан”-ы өдрийг тохиолдуулан “Шилдэг теллер” танилцуулах ур чадварын тэмцээнийг явуулж шагнаж урамшуулжээ. Мөн баярын өдрөө угтан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт шаардлагатай нярайн шарлагын аппаратыг хандивласан байна.