Канадад нэг удаагийн хуванцар эдлэлийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-06-11 09:55:46

ОТТАВА. /CBC/. Канад улс соруул, гялгар уут зэрэг нэг удаагийн хуванцар эдлэлийн хэрэглээг 2021 оноос эхлэн хориглоно гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр мэдэгджээ.


Далай тэнгис дэх хуванцар эдлэлийн бохирдолтой тэмцэх арга хэмжээний талаар Ж.Трюдо танилцуулаад, Канадад хэрэглэсэн хуванцарын 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг гэдгийг онцолсон байна.


Ерөнхий сайдын хэлснээр, хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон ийм төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг компаниуд хуванцар хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах үүрэг хүлээх ажээ.


Нэг удаагийн хуванцар эдлэлийг хориглох шийдвэрийг шинжлэх ухааны баримтад үндэслэн гаргасан бөгөөд Европын Холбооноос авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг мөн тусгасан байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, хуванцар сав ч мөн уг хоригт багтах ажээ.


Хятад улс хуванцар хаягдлын импортоо өнгөрсөн оны нэгдүгээр сард зогсоосноос хойш аж үйлдвэржсэн орнууд ийм төрлийн хаягдлаа хэрхэн зохицуулах асуудалтай нүүр тулгарах болжээ. Хятад улс нь хуванцар хаягдлын хамгийн том импортлогч орон байсан билээ. 

Холбоотой мэдээ