Олон зуун төрөл зүйлийн ургамал устаж үгүй болжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-06-11 13:12:37

ЛОНДОН. /BBC/. Сүүлийн 250 жилийн хугацаанд 600 орчим төрөл зүйлийн ургамал устаж үгүй болсон талаар Сиднейн Ургамал судлалын хүрээлэн, Шведийн Стокхолмын их сургуулийн эрдэмтдийн судалгаанд тэмдэглэжээ.


Энэхүү тоог тооцооллоос илүү бодит нөхцөл байдалд тулгуурлан гаргажээ. Уг үзүүлэлтийг устаж үгүй болсон шувуу, хөхтөн болон хоёр нутагтан амьтдын нийт тоотой харьцуулахад хоёр дахин олон ажээ.


Эрдэмтдийн хэлснээр, ургамлын төрөл зүйл тооцоолж байснаас 500 дахин хурдан устаж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард НҮБ-аас гаргасан тайланд нэг сая төрөл зүйлийн амьтан, ургамал устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа талаар мэдээлсэн юм.


Ургамлын төрөл зүйл устаж үгүй болсон талаарх энэхүү судалгаа нь цаашид өөр олон төрөл зүйл устахаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн судлаачид үзэж байна.


"Сүүлийн жилүүдэд устаж үгүй болсон хөхтөн амьтан эсвэл шувуудыг хүмүүс нэрлэж чаддаг боловч ургамлын талаар цөөн тооны хүн л мэддэг" гэж Стокхолмын их сургуулийн доктор Элис Хамфрис хэлжээ. Мэн тэрбээр, бидний хийсэн судалгаа хаана ургадаг, ямар ургамал хэдий хугацаанд устаж үгүй болсон талаарх анхны тойм болсон гэжээ.


Ургамлууд устаж үгүй болж буй нь бүх төрөл зүйлийн хувьд таагүй мэдээ гэдгийг Сиднейн Ургамал судлалын хүрээлэнгийн доктор Эймер Ник Лугхадха онцолсон байна. 

Холбоотой мэдээ