Дутуу төрсөн нярайд хийх эмчилгээг шинээр нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-12 13:54:20

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн их эмч Х.Оюун-Эрдэнэ 2018 оны 10 сараас эхлэн сурфактант эмчилгээг орон нутагтаа шинээр нэвтрүүлж амьсгал хямралын хам шинжтэй дутуу төрсөн зургаан нярайд амжилттай хийж, амь насыг нь аварчээ.

Шинэ эмчилгээг нутагтаа буй болгосноор энэ оны эхний таван сарын байдлаар нярайн эндэгдлийг өмнөх оноос 4,7 хувиар, улс аймгуудын дунджаас дөрвөн хувиар бууруулсан үр дүнтэй байна.

Дээрх эмчилгээ нь өртөг өндөртэй бөгөөд зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлж, иргэдээс ямар нэгэн төлбөр авахгүй хийх боломжтой аж. Мөн дутуу төрсөн нярайн хамгийн эрт үеийн хүндрэл буюу төрсний дараа шууд үүсдэг эмгэгийн нэг нь амьсгал хямралын хам шинж юм.

Сурфактант эмчилгээ нь дээрх хүндрэлээс сэргийлэх төдийгүй дутуу нярайн амьдралын чанарыг сайжруулах, орчин үеийн эмчилгээний нэг хэлбэр аж.

Дорноговь аймгийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сард 421 эх амаржиж, 423 хүүхэд шинээр мэндэлжээ.


Холбоотой мэдээ