Цагаан дэлийн агуйг компаниудаар нөхөн сэргээлгэхээр боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-13 12:46:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Нинжа нарын гарт сүйдээд олон жил болж байгаа Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байдаг байгалийн есөн гайхамшгийн нэг Монголын хамгийн том Цагаан дэлийн агуйг УИХ-аар хэлэлцэж улсын тусгай хамгаалалтад энэ оны тавдугаар сарын 02-нд авчээ. 

Цаашид агуйг нөхөн сэргээх хэвийн байдалд оруулах талаар аймгаас тодорхой ажил зохион байгуулахаар тус агуйг тойрч үйл ажиллагаа явуулж байгаа 10 компанийн төлөөлөлтэй аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зургаадугаар сарын 13-нд уулзаж тодорхой шийдэлд хүрсэн байна.

Мөн аймгийн БОАЖГ, МХГ, Онцгой байдлын газар зэрэг холбогдох чиг үүргийн байгууллагууд, Айраг сумын ИТХ-ын дарга Б.Туулайхүү, Засаг дарга Л.Мөнхжаргал нарын хүмүүс оролцсон юм.

Эхний удаа агуйн амны хэсгийг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх, эргэн тойрны хашааг засварлахаар болж Нөхөн сэргээлтийн сан байгуулан ажлын санхүүжилтэд компаниуд тус бүр таван сая төгрөг хандивлахаар болсон бол аймгаас 20 сая төгрөг, Айраг сумаас нөхөн сэргээлтэд зориулж тодорхой төсөв гаргахаар боллоо. Сангийн дансыг Айраг сумын ЗДТГ-т нээхээр болжээ.  

Агуй бүрэн судлагдаагүй тул агуй орчмыг нөхөн сэргээсний дараа тусгай мэргэжлийн байгууллагын хүмүүсийг ажиллуулж агуйг судлах, тодорхой дүгнэлт гаргуулахаар болсон байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд суурилж цаашид хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжүүлэхээр төлөвлөсөн аж.

Мөн аймгийн Засаг дарга зургаадугаар сарын 05-нд захирамж гаргаж улсын тусгай хамгаалалтад авсан Цагаан дэлийн агуйгаас дотогш зайд тэсэлгээ хийж олборлолт явуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Хэдийгээр ийм шийдвэр гаргасан ч зарим компанийн  төлөөлөл “Бид нинжа нар шиг гар аргаар олборлодоггүй.

Үйлдвэрийн аргаар олборлодог тул заавал тэсэлгээ хийх шаардлага гардаг. Тийм болохоор агуйг бүрэн судалж  хамрах хүрээг тодорхойлон хаана нь тэсэлгээ явуулж болох, аль хэсэгт нь болохгүй талаар тодорхой дүгнэлт гаргах нь зөв болов уу гэсэн саналыг хэлж байсан.

Холбогдох саналыг аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага анхааралдаа авна гэв.

Тус газрын эргэн тойронд “Эм си ти ти” ХХК, “Дунфа  лума” ХХК, “Таванбаатар” ХХК, “Мөнхболор хүрээ” ХХК, “ЗЦБЭ”ХХК, “Талст бурханд” ХХК, “Хүрээ дэл” ХХК, “Алтанбарга” ХХК тус тус лиценз эзэмшдэг.

Цагаан дэлийн агуйг 2006, 2010, 2013 онд сумын тусгай хамгаалалтад авч байсан бол байгалийн дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад 2011, 2014, 2019 онд тус тус авч байжээ. Харин 2019 онд улсын тусгай хамгаалалтад аваад байна.

Агуй гадна талдаа хоёр амтай. Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь хоёроос гурван метр орчим гүнтэй таван  ханатай гэрийн буйрын хэмжээтэй. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс үргэлжилдэг байжээ.

Холбоотой мэдээ