Абэ Ираны шашны удирдагчтай уулзсан Японы анхны Ерөнхий сайд боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-13 16:33:41

ТОКИО. /TASS/. Иран улсад албан ёсны айлчлал хийж буй Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын шашны удирдагч Али Хаменеитэй пүрэв гарагт уулзжээ. Энэ тухай телевизийн “NHK” суваг мэдээллээ.


Гурван цаг орчим үргэлжилсэн уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудын талаар одоогоор мэдээлээгүй байна. Абэ Ираны Ерөнхийлөгч болон шашны удирдагчтай уулзсан Японы анхны Ерөнхий сайд болжээ.


Тэрбээр лхагва гарагт Иранд хүрэлцэн очсон бөгөөд 1978 оноос хойш Японы Ерөнхий сайд тус улсад анх удаа айлчилж буй юм. 1979 оны дөрөвдүгээр сарын 1-нд Иранд хувьсгал ялсны дараа аятолла Хомейни Лалын Бүгд Найрамдах Иран Улс байгуулсныг зарласан байна. Мөн оны 12 дугаар сард шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд уг хуульд Иран улсыг Лалын Бүгд Найрамдах Улсаар болон шиит урсгалыг албан ёсны шашнаар тунхаглажээ. Харин Лалын хувьсгалын дээд удирдагч нь /1979-1989 онд аятолла Хомейни ийм удирдагч байсан/ төрийн тэргүүн болсон бол хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглал /Ерөнхийлөгч тэргүүтэй Засгийн газар/ нь шашны дээд удирдлагад шууд захирагдахаар болсон байна.


Абэ Иранд айлчлахынхаа өмнө Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсын дээд удирдлагуудтай, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар зөвлөлджээ. Тэрбээр лхагва гарагт Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзсан байна.


 


Холбоотой мэдээ