Үер уснаас болгоомжилж хол замд гарахгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы ихэнх нутгаар, 16 -нд нутгийн хойд
болон төв, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай, Салхи борооны
өмнө түр зуур зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, ихэнх нутгаар
сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй
байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон
анхааруулж байна.
Түүнчлэн 15-16-ны шөнө Завханы хойд болон зүүн, хангайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн төв болон зүүн, Ойрын өдрүүдэд ихэнх сумын нутгаар дуу цахилгаантай ширүүн бороо орно. Салхи ихэнх хугацаанд 4-9м/с, түр зуур зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ.
Аймгийн хэмжээнд гол, усны түвшин нэмэгдэж үерлэсэн хэд хэдэн газрын гүүр унах аюултай байдалтай, Богдын голын далан сэтэрсэн байна. Иймд өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар болгоомжтой зорчих, замын хөдөлгөөн хязгаарласан үед хол замд гарахгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.
Мөн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх
тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, гэр,
хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй,
суурьшихгүй байх, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр
үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Онцгой байдлын газраас анхааруулж
байна.