Энэтхэгт хэт халсны улмаас нас барсан хүмүүсийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-06-18 11:40:36

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн зүүн нутгийн Бихар мужид хэт халсны улмаас нас барсан хүний тоо 78 хүрсэн талаар тус мужийн засаг захиргааны төлөөлөгчид мэдээлсэн байна.


Нас барагсад Бихар мужийн Аурангабад, Гая, Навада, Жамуи дүүрэгт амьдардаг байжээ. Мужийн засаг захиргаа өдрийн цагаар гэртээ байх, шингэн юм сайн уухыг оршин суугчдадаа зөвлөж байгаагийн зэрэгцээ 11-16 цагийн хооронд барилгын ажил явуулахыг хориглох шийдвэрийг гаргасан байна. Үүнээс гадна мужийн сургуулиудын үйл ажиллагааг зургадугаар сарын 22 хүртэл түр зогсоожээ.


Бихар мужийн нийслэл Патна хотод өнгөрсөн ням гарагт Цельсийн 45 хэм хүрч халсан нь хэвийн түвшнээс найман хэмээр өндөр байжээ. Цаг уурын газрын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Бихар мужийн төв, зүүн нутгаар агаарын температур хэвийн түвшнээс дунджаар 6-7 хэмээр өндөр байгаа аж.


Эрүүл мэндийн яам наранд цохиулсан хүмүүсийг хэвтүүлэхэд ор хангалттай байлгахыг эмнэлгийн удирдлагуудаас хүссэн бөгөөд нөхцөл байдлыг зохицуулахын тулд эмнэлгүүдэд эмч нарыг нэмж ажиллуулж байна.


Үүний зэрэгцээ Бихар мужид тархины үрэвслийн улмаас 100 орчим хүүхэд нас барсан бөгөөд тархины үрэвсэлтэй хэмээн оношлогдсон өөр 100 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ