АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-18 14:21:53

ВАШИНГТОН. /Reuters/. БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах АНУ-ын Засгийн газрын төлөвлөгөөний талаар ямар үзэл бодолтой байгаагаа АНУ-ын компаниуд илэрхийлжээ.


Хоёр орны худалдааны маргаан даамжирч буй үед АНУ-ын Худалдааны төлөөлөгчдийн газар нийтийн цуврал сонсголыг зургадугаар сарын 25 хүртэл зохион байгуулах ажээ.  


Даваа гарагт болсон сонсголын үеэр татварыг нэмэгдүүлэх нь импортын бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, хэрэглэгчдийг хохирооно хэмээн зарим төлөөлөгч үзсэн байна. Түүнчлэн БНХАУ-тай худалдааны маргаан өрнүүлэх нь эдийн засгийг сулруулна гэж зарим хүн хэлжээ.


Ирэх долоо хоногийн мягмар гарагт хүртэл үргэлжлэх нийтийн сонсголын үеэр импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэрийг хэрхэн үзэж байгаагаа 320 орчим компанийн төлөөлөгчид илэрхийлэх төлөвтэй байна.


"БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг өсгөх эсэх асуудлыг энэ сарын эцсээр болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа шийднэ" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын эхээр мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ