Багийн дарга нарын нэгдсэн сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-18 15:47:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутагт тус аймгийн 14 сумын багийн дарга нарын нэгдсэн сургалт зургадугаар сарын 13-15-нд боллоо.

Сургалтаар аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Цэрэн, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа В.Батболд болон хошууч Г.Амартүвшин, Онцгой байдлын газрын дарга А.Дашням, Статистикийн хэлтсийн дарга Х.Өлзийсүрэн, Боловсрол сэтгэл судлалын академийн багш Н.Оюундалай нар оролцож “Гамшгийн менежмент” “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд багийн Засаг даргын оролцох оролцоог нэмэгдүүлэх”,“Хүн ам, орон сууцны тооллогын бүртгэл хөтлөн явуулах зааварчилгаа”, “Инээмсэглэл эерэг харилцаа” “Сургалтын үр дүн, сэлгэн ажиллах үйл ажиллагааны давуу тал, сайн туршлага, дүгнэлт” зэрэг сэдвээр мэдлэг олгосон байна.

Мөн цэргийн бэлтгэл сургууль болон “Марш тактик”-ийн тэмцээн боллоо. Сургалтыг амжилттай зохион байгуулалцсан Эрдэнэ сумын Бүрдэнэ багт аймгийн Засаг даргын тамгын газраас иж бүрэн компьютер, принтер гардуулсан юм.

Орон нутгаас засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн ажлыг дэмжиж багийн дарга нарыг мотоциклиор хангах, багийн дарга нарыг сэлгүүлэн ажиллуулах зэрэг ажлыг зохион байгуулж буй.

Багийн дарга нарын сургалтыг тус аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан багийн Засаг дарга нарт шинэ мэдлэг мэдээлэл өгөх, ажлын ур чадварыг дээшлүүлэх, сумын иргэд, малчдад төрийн үйлчилгээг шаардлагын түвшинд хүргэх арга барилыг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилтын дор зохион байгуулсан аж.

Сургалтад аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг оролцож аймаг орон нутагт хийгдэж буй томоохон ажлууд, төр болон орон нутгын бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хүргэсэн байна. 

Холбоотой мэдээ