Залуу бизнес эрхлэгчдийг бий болгох “Старт Ап Монгол” ТББ нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-19 23:29:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Старт Ап-Монгол” ТББ орон нутагт анх удаа Дархан хотод салбараа нээлээ. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, санхүүжүүлэх зорилготой анх 2011 онд Улаанбаатар хотноо байгуулсан аж.

Улаанбаатар хотын залуус бизнесээ хөгжүүлэхдээ юуг анхаарах, санхүүгээ хаанаас авах, мэдлэг, мэдээллийг хуримтлуулж 400 гаруй гарааны бизнесийг төрүүлж чаджээ. 

Энэхүү байгууллагын салбарыг манай аймагт Олон улсын "Мэрси Кор"-ын дэмжлэгтэйгээр байгуулан залуучуудад боломжийг нээж, хамтран ажиллахаар боллоо.

Төвийн бүсийн тэр дундаа Дархан, Сэлэнгэ аймгийн 15-34 насны 2300 гаруй залуус уг хөтөлбөрөөр дамжуулан гарааны бизнесээ хөгжүүлэх эко систем бий болж байна.

9 сарын хугацаанд хэрэгжих тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуучууд Тэди төвийн 4 давхарт байрлаж байгаа төв оффисоор дамжуулан мэдээлэл авах боломжтой аж
Олон улсын "Мэрси Кор" байгууллага нь дэлхийн 45 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 10-аас доошгүй хөдөө аж ахуйн
чиглэлийн залуу бизнесийг бий болгох ажээ.

Монгол Улсын хүн амын гуравны нэг нь 15-34 насны залуус байдаг. Эдгээр залууст тулгамдаж буй хамгийн том сорилт нь орлого, бизнесийн орчин юм. 
Гарааны бизнесийг дэмжин тэдэнд хөгжих таатай орчныг бүрдүүлэхээр шинэ бүхнийг эрэлхийлэгч залуучуудтай хамтран ажиллахад “Старт Ап Монгол” ТББ байгууллага ямагт нээлттэй байдаг аж.

Залуучууд хөдөлмөр эрхлэх, түүнийгээ өргөжүүлж гарааны бизнесээ хэсэг нөхдийн хамт бий болгоход гол тулгамддаг асуудал нь санхүүгийн бэрхшээл байдаг. Тэдэнд боломжийг бий болгож хөнгөлөлттэй болон буцалтгүй хэлбэрээр жил бүр санхүүжилт олгож бизнесээ өргөжүүлэх боломжийг нээж өгдөг ажээ.

Холбоотой мэдээ