Монголын топ компаниуд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-20 13:43:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг эхлүүллээ.


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн санаачилгаар УУХҮЯ-тай хамтран эхлүүлж буй тус аяны нээлт “Туушин” зочид буудалд өнөөдөр болов.

Энэхүү аянд Аспайр Майнинг ХХК, Багануур ХК, Оюутолгой ХХК, Саусгоби Сэндс ХХК,  Терра энержи ХХК, Энержи Ресурс ХХК болон “Эрдэнэт” үйлдвэр нэгдээд байна. Цаашид мөн бусад уул уурхайн компаниуд энэхүү санаачилгыг дэмжин хамтрахад үүд хаалга нээлттэй байх юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар хэлэхдээ, “Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн аж ахуйн нэгж бодлогоо нэгтгэн, салбартаа хийж хэрэгжүүлж байгаа ажлын давуу талаа сурталчлан таниулж, байр сууриа илэрхийлэн, зохион байгуулалттай ажиллаж ирсэн тохиолдол урьд өмнө гарч байгаагүй. Цаашид бид аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллах болно. Бидний хамгийн гол зорилго бол экспортын орлогыг нэмэгдүүлэхэд оршино. Экспортын орлого нэмэгдэхийн хэрээр Монгол Улсад валютын урсгал нэмэгдэнэ гэсэн үг.  Тиймээс бид бусад салбараа дэмжин, цаашлаад өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэхээр  тооцоолон ажиллаж байна. Мөн уул уурхайн салбартаа суурилан баялгийн сан, хуримтлалын санг нийлүүлсэн “Гибрид” маягийн баялгийн санг байгуулахаар зорьж байгаа. Энэ тухай Л.Оюун-Эрдэнэ даргаар ахлуулсан ажлын баг төрийн гурван өндөрлөгт танилцуулсан. Иргэд уул уурхайн салбараас улсын  төсвийн бүрдүүлэлтээр дамжин өөрсдийн хүртэх ёстой өгөөжөө хүртэж байгаа. Харин ноогдол ашиг гэдэг нь өөр асуудал юм. Ноогдол ашгийг компанийн тухай хуулиар зохицуулдаг. Өгөөж гэдэг нь төсвөөрөө дамжиж тэтгэвэр тэтгэмж, тэтгэлэг, сургалт зэргийг иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэсээр байгаа” гэв.


Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсын уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхай, сайн жишгийг хөхиүлэн дэмжих, нэвтрүүлэх, даган мөрдөж бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах юм.


Б.Ариунтуяа



Холбоотой мэдээ