Халаалтын зуухны машинист, сантехникийн засварчдыг чадавхжуулж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-26 16:26:16

Ховд /МОНЦАМЭ/Орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагын ашиглаж буй бага оврын халаалтын зуухны машинист болон сантехникийн засварчдыг чадавхжуулах баруун бүсийн сургалт Ховд аймагт болж байна.

Энэ сургалтыг Барилга хөгжлийн төв, Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Сургалт 96 цагийн хөтөлбөрийн дагуу энэ сарын 25-29-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.   

Сургалтад Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуйн байгууллагын бага оврын халаалтын зуухны машинист буюу галч, сантехникийн засварчдын төлөөлөл 50 гаруй хүн оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна. 

Сургалтын чиглүүлэгчээр ШУТИС-ын мэргэжлийн багш нар ажиллаж байна. Тэд халаалтын системийн ерөнхий ойлголт, түүний бүтэц, угсралтын схем, дулааны эх үүсвэртэй холбох  технологи,  стандарт,  тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтын  үеийн үзлэг, засвар үйлчилгээ, угсралтын ажлын чанар, гэмтлийг тодорхойлох зэрэг сэдвээр мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн  зөвлөгөө өгч байгаа юм.

Судалгаагаар нийтийн аж ахуйн байгууллагын ашиглаж буй бага оврын халаалтын зууханд галлагаа хийдэг ажилтнуудын 70-80 хувь нь мэргэжлийн бус байна. Зарим тохиолдолд  үүнээс үүдэлтэй  гэмтэл,  осол  гарч, цаашлаад иргэдийн эдийн засаг, эрүүл мэнд хохирох асуудал гардаг. Ялангуяа байгууллагын халаалтын горим алдагдах, засвар үйлчилгээг тухайн үед мэргэжлийн түвшинд хийгээгүйгээс нэмэлт зардал гаргах гэх мэт нийтлэг зөрчил үүсч, улмаар байгууллагын халаалтын зуухны ажиллагаа доголдоход хүрдэг аж.  

Тэгвэл  энэ удаагийн  сургалтын үр дүнд  бага оврын халаалтын зуухны машинист,  сантехникийн засварчдын  мэдлэг, ажил мэргэжлийн ур чадвар дээшлэх чухал ач холбогдолтой. Мөн тус сургалтаар дамжуулан оролцогчид харилцан туршлага солилцох ба цаашид мэргэжлийн үнэмлэхтэй болох, мэргэжлийн зэрэг ахиулах боломж бүрдэх юм.

Ховд аймагт хоёр дулааны станц бий. Гэхдээ одоогийн байдлаар төр, хувийн хэвшлийн нийт 30 орчим байгууллага бага оврын халаалтын зуух ашиглаж байна.  








Холбоотой мэдээ