Олимпын хөтөлбөрт брейк бүжиг багтав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-06-26 12:59:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2024 онд Парист болох Зуны олимпын наадмын хөтөлбөрт брейк бүжгийг түр байдлаар багтаажээ. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны цахим хуудсанд мэдээлснээр, брейк бүжгээс гадна серфинг, скейтборл, ханан хаданд авирах төрлийг ч оруулсан байна. 

ОУОХ дээрх шийдвэрийг “түр” хэмээн тодотгоод, эцсийн шийдвэр 2020 онд гарна гэдгийг онцолжээ. 

“Албан ёсны шийдвэр 2020 онд гарна. Олимпын хөтөлбөрт багтсан спортын төрлүүд маш олон янз болж байна. Энэ нь бидэнд хөгжөөн дэмжигчдийн шинэ төлөөлөгчдийг олимпизмийн хөдөлгөөнд татан оролцуулах боломж нээж байгаа юм” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

Брейк бүжиг нь өнгөрсөн жил Аргентинд болсон өсвөрийн олимпын наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд хөгжөөн дэмжигчдийн тоо, оролцогчдын ур чадварын түвшин, зохион байгуулалтын чанараар маш сайн гэж ОУОХ үнэлсэн юм.

Брейк бүжиг Монголд 1990 оноос эхлэн хөгжиж байгаа билээ.

Холбоотой мэдээ