Нийт 6.9 тэрбум юанийн үнийн дүн бүхий 15 гэрээ хэлцэл байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-28 11:02:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газартай хамтран “Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум-2019”-ыг энэ сарын 27-нд зохион байгуулав.


Форумд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хаймин болон хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.


Форумын үйл ажиллагааг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ Монгол, Хятадын худалдааны 60 гаруй хувь ӨМӨЗО-оор дамждаг гэдгийг онцлоод энэ удаагийн форум нь хоёр орны худалдааны эргэлтийг улам бүр нэмэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.


Форумын үеэр зохион байгуулсан хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, БОАЖЯ, ҮХГ, МҮХАҮТ-ын төлөөлөл хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжтой төслүүдийн талаар танилцуулав. Түүнчлэн форумын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд нүүрсний орд ашиглах, нүүрс баяжуулах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих, мах, сүүн бүтээгдэхүүн, зэрлэг жимс боловсруулан экспортлох, угаасан ноолуур худалдан авах, дулаан аргаар боловсруулсан мах худалдан авах зэрэг нийт 6.9 тэрбум юанийн үнийн дүн бүхий 15 гэрээ хэлцэл байгуулав.

Холбоотой мэдээ