Жэф Готтлийб: Төсөв, мөнгөний хариуцлагатай байдлыг үргэлжлүүлэн сахих хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн төлөөлөгч Жэф
Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсад хийсэн зөвлөлдөх уулзалтын үр
дүнгийн талаар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд өнөөдөр
мэдээлэл хийв.
Ажлын хэсэг манай улсад зургадугаар сарын
19-28-нд ажиллаж ОУВС-гийн дүрмийн дөрөв дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн
газартай яриа хэлэлцээр хийж ажилласан юм. Тэрээр мэдэгдэхдээ, “Монгол Улсын
эдийн засаг 2016 оноос хойш огцом сэргэсэн. Энд эрдэс баялгийн түүхий эдийн
гадаад эрэлт өндөр байв.
Мөн Оюутолгойн зэсийн уурхайн II шатны хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирсэн. Мөнгө, зээлийн нөхцөл байдал зөөлөрсөн зэрэгтэй холбоотойгоор ДНБ бодитой өслөө. Үүний зэрэгцээ Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын шинэчлэн сайжруулсан хосолсон үйл ажиллагаа дотоод эдийн засагт итгэх итгэлийг сэргээж чадсан” хэмээн тэмдэглэв.
ДНБ хэдий хэмжээгээр өссөн талаар тэрээр, “Монголд
татварын орлого эрс нэмэгдсэн. Төсвийн зарлагын санхүүжилтийг харьцангуй
хэмжээнд хязгаарласан байна. Үүний үр дүнд төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ний 18 хувьтай
тэнцэх хэмжээгээр сайжирсан. Мөн Засгийн газрын өр 13 нэгж хувиар, ДНБ-ний 75
хувь болж буурлаа” гэв.
Гадаад секторын хувьд Монголбанк экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс сайжирсан өөрчлөлтийг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийг 2016 оныхоос гурван тэрбум ам.доллароор нэмэгдүүлж чадсан. Гэвч эдийн засгийн өсөлтийн үр өгөөж хүртээмжтэй байж чадахгүй байна. Үүнийг айл өрхөд үзүүлж буй өрийн дарамт нэмэгдэж, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаагаас харж болно” гэв.
Цаашид яах талаар тэрээр, “Эдийн засгийн
суурь нимгэн байгаагаас гадаад орчны нөлөөлөлд шууд өртөмтгий болгож байна.
Түүнчлэн сонгуулийн мөчлөгийн үеэр төсвийн болон мөнгөний хариуцлагатай байдлыг
үргэлжлүүлэн сахих хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн боломж хэрэгжих нөхцөлийг
хангана.
Засгийн газрын өрийг хангалттай хэмжээгээр бууруулах үүднээс нэгдсэн төсвийн хүүгийн зардлыг хассан тэнцлийг энэ онд багадаа ДНБ-ний нэг хувь, 2020 оноос хойш хоёр хувьд барих нь зүйтэй. Мөнгөний хатуу бодлого, макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр зээлийн өсөлт макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадна. Банк бус санхүүгийн салбараас хэт ихээр олгож байгаа зээлийг хязгаарлах үүднээс СЗХ хяналт шалгалтаа чангатгах хэрэгтэй байна” хэмээн зөвлөж байна.
ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үйл явцын талаар хэлэхдээ, 6-р шатны үнэлгээг эцэслэх байдал хүлээгдсэн хэвээр. Энэ хүрээнд тавьсан хоёр урьдчилсан нөхцөлийг хангахаас хамаарч байна” гэв. Энэ нь нэгд, банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд аудит хийж тухайн хөрөнгө нь Монгол Улсын хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг тогтоох. Хоёрт, банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Төвбанк хяналт шалгалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй байна гэв.
Эцэст нь дүгнэж хэлэхдээ, эдийн засгаа
хамгаалах үүднээс бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх замаар сүүлд хүрсэн үр дүнг
өргөжүүлэх нь тэргүүлэх чиглэлийн зорилт байх ёстой. Эдийн засгийн өсөлтийг
тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн салбарын шинэчлэлийг
хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, ХАА-н бодлогын шинэ түвшинг гаргах нь чухал
ач холбогдолтой байна гэв.
Монгол Улс эдийн засгийн өсөлт хийхийг
ихээхэн зорьж байгааг ойлгож байна. Гэвч огцом өсөлтөөс илүү урт хугацаанд
тогтмол авч явах боломжийг тооцох хэрэгтэй. Ингэхийн тулд эдийн засгийн хүчин
зүйлсийг тогтвортой байлгах юм. Гадаад зээл, санхүүжилт, зээл их байх тусам
тогтвортой байх боломжгүй болно. Монгол Улс өсөлт бүхий тогтвортой эдийн
засагтай байх нь Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогоос шууд
хамаарна. Мөн сонгуулийн жилд мөнгөний бодлогоо сулруулдаг нь эдийн засагт
сөргөөр нөлөөлдөг гэлээ. Мэдээллийн үеэр ОУВС-гийн Монгол дахь суурин
төлөөлөгч ноён Нэйл Сакер байлцав.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал