“Хурд” хамтлагийн “Хайртай” аян үргэлжилж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2019-06-29 10:42:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” соён гэгээрлийн аян амжилттай үргэлжилж байна.


Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өчигдөр Дорнод аймагт ирлээ.

Аяны хүрээнд цагдаа, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад "Эр хүний ноён нуруу" сэдэвт уулзалт ярилцлага, эхчүүдэд "Та монгол ээж" ТББ-тай хамтран "Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан" сэдвээр илтгэл, лекц зохион байгуулав. Мөн өсвөр насны хөвгүүдтэй уулзалт зохион байгуулж “Эх орон гэж юу вэ, ялалт ялагдлын мөн чанар, гэр бүл эх орноо хамгаалах хайрлах үүрэг, хариуцлага” зэрэг сэдвээр халуун дулаан, сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Чойбалсан хотод хийсэн "Эр хүний ноён нуруу" уулзалтад цагдаа, онцгой байдал, цэргийн ангийн алба хаагчид гэр бүлийнхэнтэйгээ оролцлоо. Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Эрчүүдийн 99 хувь нь цэрэг, цагдаа болохыг мөрөөддөг. Хоёрхон хувь нь мөрөөдлөө биелүүлдэг. Та бүхэн мөрөөдөлдөө хүрсэн хүмүүс. Тиймээс эх орныхоо амгалан тайван байдлын төлөө нэр хүндтэй албанд зүтгэж байгаагийн хувьд, мөрөөдөлдөө хүрсэн хүмүүсийн хувьд соён гэгээрлийн ажлыг түүчээлэн орон нутагтаа олон сайхан ажил зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Цэрэг цагдаагийнхан бол хайрыг түгээгч юм. Дүрэмт хувцсаа өмсөөд ажилдаа гарахаас эхлээд үйлдэл бүр нь эх орон ард түмнээ хамгаалахын төлөө байдаг. Хайр байгаа газар гэрэл гэгээтэй, аз жаргал оршдог” гэв. 

Зүүн аймгийн тоглолтын хуваарь

06.26 Хэнтий аймаг Чингис хотын Төв Талбай 19.00 цаг
06.28 Дорнод аймаг Чойбалсан хотын Төв Талбай 19.00 цаг
06.30 Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын Төв Талбай 19.00 цаг
07.02 Дорноговь аймаг Сайншанд хотын Төв Талбай 19.00 цаг
07.03 Дорноговь аймаг  Замын-Үүд, Төв Талбай 19.00 цаг

07.04 Говьсүмбэр аймаг Чойр Төв Талбай 19.00 цаг
07.09 Багануур Дүүргийн Төв Талбай 19.00 цагаас тус тус болно.

 


 

Холбоотой мэдээ