“Чингис хаан” дуурь өнөөдөр тайзнаа эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-06-29 12:23:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ийн уран бүтээлчид Чингис хааны одонт, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравт хүндэтгэл илэрхийлэн алдарт "Чингис хаан" дуурийг өнөөдөр тайзнаа тоглоно.


Тус театрын хамт олон энэ онд театрын түүхийг бичилцсэн үе үеийн алдарт уран бүтээлчдээ алдаршуулж, тэдэнд зориулан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж буй юм. Энэ удаад буюу 2019 оны эхний хагас жилийн хамгийн сүүлчийн тоглолтоороо Монголын шилдэг уран бүтээлч Б.Шаравт ийнхүү хүндэтгэл илэрхийлэхээр болжээ. "Чингис хаан" дуурийн хөгжмийг Б.Шарав бүтээсэн юм.

 

Энэхүү 2 бүлэг  6 үзэгдэлт дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд үзэгчдэд толилуулж байв. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулааныг үзүүлжээ. Дуурьт Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаар Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай өгүүлнэ.

Тасалбар нь суудлын зэрэглэлээс хамаарч 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Холбоотой мэдээ