ШХАБ ба Евразийн интеграцийн төв дэх Иран улс

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-06-29 18:35:29

Иран улс өдгөө АНУ-тай эдийн засгийн дайн хийж байна. Энэ үед Ираны Ерөнхийлөгч Рухани Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ ээлжит дээд хэмжээний уулзалтад оролцож, тус байгууллагын гишүүн орнуудаас тусламж хүслээ. Харин АНУ-ын эрх баригчид “дахин сэргэж буй дайсагнагч хүчин” /Орос/ ба “Хятадын аюул”-ын тухай ярьж буй энэ үед ШХАБ-ын гол орнууд болох Орос, Хятад хоёр Ираныг дэмжиж байна. Хятадын удирдагч Си Жинпинь “нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн гэсэн Хятад улс Ирантай хэлхээ холбоогоо бэхжүүлэх болно” гэж мэдэгдсэн тухай Хонконгийн “Asia Times” сонинд Бразилын сэтгүүлч Пепе Эскобар бичсэнийг орчуулан хүргэе. 


Өнөөдөр дэлхий ертөнц ангалын өмнө тун ойртож ирээд дайны ирмэг дээр дэнжигнэж буй энэ үед Киргизийн нийслэл Бишкек хотод болсон ШХАБ-ын 19 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтын үеэр ер бусын нэгэн үйл явдал өрнөлөө.  


ШХАБ гэдгийг барууныхан бараг мэддэггүй, гэтэл энэ байгууллага бол эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын асуудлыг эрхэлдэг Еврази дахь хамгийн том холбоо билээ. Энэ бол Евразийн НАТО биш юм. ШХАБ ямар нэгэн империалист түрэмгийлэл үйлдэхээр зэхээгүй. Зөвхөн Бишкект болсон үйл явдлыг ажиглахад л  эл байгууллагын зорилго огт өөр гэдэг нь тодорхой харагдана. 

Хятадын удирдагч Си Жинпинь, Оросын Ерөнхийлөгч В.Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди, Пакистаны удирдагч Имран Хан нар Төв Азийн “4 стан” улсын удирдагчдын хамтаар байр сууриа нэгтгэн дүгнэлээ. 


ШХАБ-д 8 гишүүн улс байдгаас гадна Афганистан, Беларусь, Монгол, Иран гэсэн ажиглагчийн статус бүхий 4 улс бий. Түүнчлэн Армени, Азербайжан, Камбож, Непал, Шри-Ланк, Турк гэсэн яриа хэлэлцээний түншүүд байдаг.


2020 он гэхэд ШХАБ эгнээгээ өргөтгөснөөр Турк, Иран хоёр тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болох төлөвтэй байна. Энэ тохиолдолд Евразийн интеграцийн гол хүчнүүд тус байгууллагад төлөөлөлтэй болно гэсэн үг. Геополитикийн шатрын хөлөг дээрх нөхцөл байдал маш хурцадсан энэ үед ажиглагчийн статус бүхий Иран улс Бишкекийн уулзалтын чухал оролцогч байсан нь санамсаргүй хэрэг биш ээ.


Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани “хөзрийн мод”-оо тун чадамгай хольж тоглож чадлаа. Тэрбээр нэг ширээний ард Путин, Си, Моди, Имран Хан нартай зэрэгцэн суугаад тэдэнтэй шууд ярилцаж байсан нь анхаарал татахаар үйл явдал юм. Рухани АНУ-ыг эрс хатуу шүүмжилж, “тус улс бүс нутаг болон дэлхий дахины тогтвортой байдалд аюул учруулж байна” гэж буруутгалаа. Үүний сацуу тэрбээр “Иранд хөрөнгө оруулахад бэлэн байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын бүх компани, бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ” гэж амлажээ


Трампын засаг захиргааны зүгээс Оманы хоолойд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц руу халдсаны хариуцлагыг Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус хүлээх ёстой гэж тодорхой баримт нотолгоогүйгээр буруутгаж байгаа билээ. Харин ШХАБ-ын уулзалт эхлэх тэр үед үүнийг аль хэдийнэ няцаасан байв. Хоёр танкер хөлөг онгоцны нэгнийх нь эзэмшигч болох Японы “Кокүка Сангьё” компанийн захирал Ютака Катада-гийн хэлснээр бол “нисдэг объектоос дайралт хийсэн гэдгийг багийн гишүүд баталж байгаа” аж.  

 ....Си Жинпиний хувьд байр суурин дээрээ тууштай байлаа. Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн гэсэн Хятад улс Ирантай харилцаагаа бэхжүүлнэ гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна. Иран улс бол Шинэ Торгоны зам дахь чухал зангилаа газар билээ. Харин Ираны удирдлагын хувьд, Евразийн эдийн засгийн асар том тогтолцооны дотор зөвхөн интеграциар дамжин урагшлах боломжтой гэдгийг сайн ойлгож байгаа. Тегерантай цөмийн хэлэлцээ хийсэн Франц, Их Британи, Герман гэсэн Европын орнууд Ираны эдийн засгийг аварч чадахгүй юм. 


Энэтхэгийн учруулж буй саад бэрхшээл


Харин Моди “төлөвлөгөөнд асуудал гарсан” гэх шалтгаанаар Руханитай хийх ёстой байсан уулзалтаа эцсийн мөчид цуцаллаа.


Энэ нь ухаалаг бус дипломат нүүдэл юм. Трампын засаг захиргааны зүгээс Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө гэдэг нэртэй Ираны цөмийн хэлэлцээрийг хүчингүй болгохоос өмнө Энэтхэг улс нь Ираны нефтийн хоёрдагч том худалдан авагч байсан юм. Америкийн хоригоос зайлсхийхийн тулд Ираны нефтийг худалдан авахдаа доллароор бус харин Энэтхэгийн рупигээр тооцоо хийх талаар Моди, Рухани хоёр өмнө нь хэлэлцэн ярилцаж байсан билээ.


Гэвч Бээжин, Москва хоёроос ялгаатай нь гэвэл, Энэтхэгийн эрх баригчид Америктай эдийн засгийн өршөөлгүй ширүүн дайн хийж буй Тегераныг дэмжихээс шуудхан татгалзаж байна. 


Модигийн хувьд, хэд хэдэн хэцүү асуудалтай тулгараад байгаа бөгөөд маш чухал сонголт хийх цаг мөч түүний өмнө ирээд байна. “Нэг бүс, нэг зам” санаачилгад дургүйцэн ханддаг хандлагаа улам лавшруулж, АНУ-тай хамтран Энэтхэг-Номхон далайн холбоо гэгчийг байгуулах хүсэл түүнд төржээ. Энэ холбоо бол "чайна-чайна-чайна" гэсэн хэлбэрээр Хятадыг тогтоон барихад чиглэсэн механизм юм. 


Модигийн хувьд хоёрдахь хувилбар бол, ШХАБ ба Орос, Энэтхэг, Хятад /RIC/ гэсэн холбоон дахь Энэтхэгийн гишүүнчлэлийг бэхжүүлэх явдал юм.


Эл асуудал маш чухал гэдгийг ойлгосон БРИКС ба ШХАБ-ын гол гишүүн орнууд Энэтхэгт ихэд санаа тавих болжээ. 9 дүгээр сарын эхээр Владивостокт болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцох урилгыг В.Путин Модид гардуулан өглөө. Харин Си Жинпинь Модитой уулзахдаа, одоогоор гацаанд ороод буй Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридорын төслийг хэрэгжүүлэхийн тулд “илүү нягт түншлэх” эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 


Имран Ханы хувьд, Еврази дахь чухал зангилаа газар байх нь Пакистан улсад ямар ашигтай болохыг маш сайн ойлгож байгаа. Аравийн тэнгис дэх Пакистаны Гвадар боомт нь Хятад-Пакистаны эдийн засгийн коридор дахь шилжүүлэн ачилт хийх чухал зангилаа газар бөгөөд Ираны Чабахар боомттой харьцуулахад байрлалын хувьд илүү ашигтай. Харин Чабахар бол Афганистан ба Төв Ази руу чиглэсэн Шинэ Торгоны замын Энэтхэг маягийн хувилбарын гол зангилаа газар юм


Пакистаны талаар “инээмсэглэсэн дипломат бодлого” явуулсан нь Орост үр өгөөжөө өгөөд эхэлжээ. “Орчин үеийн өөрчлөгдөн буй ертөнцөд Орос улстай ойртон нягтарч байгаагаа” Имран Хан ил тод хүлээн зөвшөөрдөг бөгөөд Су-35 сөнөөгч онгоц ба Ми-35М цохилтын нисдэг тэргүүдийг худалдан авахаар сонирхож байгаа гэдгээ илэрхийлдэг.


Иран улсын хувьд, “Нэг бүс, нэг зам-ШХАБ-Евразийн Эдийн засгийн холбоо” гэсэн интеграцийн замын зургийн яг голд нь оршдог. Ийм учраас Ираныг багалзуурдахыг Орос, Хятад хоёр хэрхэвч тэвчихгүй. Иран бол эрчим хүчний эх үүсвэрүүдийн асар их нөөцтэй, дотоодын зах зээл нь том улс бөгөөд хар тамхины наймаа, зэвсгийн наймааны жим ба жихадистуудын холхидог зам дээрх фронт орчмын улс юм. Эдгээр асуудал нь ШХАБ-ын орнуудыг хамгийн ихээр түгшээдэг билээ.


Гэхдээ Баруун-Өмнөд Ази дахь Орос, Иран хоёрын ашиг сонирхол зөрчилддөг гэдэгтэй маргах аргагүй. Гэсэн хэдий ч, Москвагийн хувьд, Кавказ ба Төв Ази руу жихадистуудыг нэвтрүүлэхгүй байх нь хамгийн чухал. Түүнчлэн Сирид тэнгисийн цэргийн ба агаарын цэргийн хүчний баазуудаа байлгаж байх нь ч мөн чухал.  Харин Тегераны хувьд, Сирийн талаарх Москва, Тель-Авив хоёрын албан бус тохиролцоог огт таашаадаггүй. Израильчууд “Хэзболла” бүлэглэл ба Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын объектууд руу агаараас дайралт хийж байгаа бол Оросын цэргийн хүч рүү довтлохгүй байгаа юм.


Үүний сацуу хоёр талын дипломат бодлого дахь маневр хийх орон зайд тодорхой хязгаарлалтууд бий болж байна. Гэхдээ эдгээр нь том өөрчлөлт биш юм. Ираны Дээд удирдагч аятолла Хаменеи тоглоомын шинэ дүрэм гаргажээ. Тодруулбал, импортыг боломжит хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах, нефть-хийн экспортоос хамаардаг байдлыг багасгах, улс орны дотоод дахь улс төрийн зөрчлийг намжаахаас гадна Орос, Хятад хоёр бол мөнхийн хувиршгүй анд нөхөд мөн гэсэн зарчмыг баримтлах явдал юм.  


Санкт-Петербург, Бишкек, Душанбе


Иран улс бүслэлтэнд ороод байна. Энэ үед улс орны дотоод амьдралыг зохицуулах нь хамгийн чухал зорилт болох ёстой. Гэхдээ энэ нь Евразийн интеграци руу чиглэсэн хөдөлгөөнд оролцохоос татгалзана гэсэн үг биш юм.


Тажикистаны нийслэл Душанбе хотод болсон Ази тивд Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтын дараа Пан-Евразийн харилцан хамаарал улам тод томруун харагдах боллоо.  Санк-Петербургийн чуулга уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлыг Бишкек болон Душанбед илүү дэлгэрэнгүй ярилцсан байна. Путин хэлэхдээ “Нэг бүс ба нэг зам” санаачилга, Евразийн Эдийн засгийн холбоо, ШХАБ, Азид Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал ба АСЕАН гэсэн бүх чиглэлүүдийг интеграцид оруулах нь чухал” гэдгийг онцлон тэмдэглэлээ.


ШХАБ-ын гишүүн орнуудын баталсан Бишкекийн Тунхаглал нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд гэнэтийн дуулиан тарихаар зүйл байсангүй. Гэхдээ уг тунхаглалд “Төв Ази дахь цөмийн зэвсгээс ангид бүсийн тухай Гэрээнд заасан аюулгүй байдлын баталгааны асуудал болон нэг улсын аюулгүй байдлыг хангахын тулд бусад улсын аюулгүй байдлыг хохироох нь байж болшгүй хэрэг гэдгийг онцлон дурдсанаас гадна тодорхой улсууд ба бүлэг улсууд Пуужингийн довтолгооноос хамгаалах хүчээ дангаараа, хязгаарлалтгүйгээр нэмэгдүүлж байгааг зэмлэн буруушаажээ. Уг баримт бичиг нь олон талт ба олон туйлт дэлхий ертөнцийг бий болгох гэсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо.


Бишкект гарын үсэг зурсан 21 баримт бичгийн дотор “ШХАБ-Афганистан” гэдэг холбоо барих бүлэгт зориулсан замын зураг байгаа бөгөөд энэ нь Евразийн улс орнууд Афганистаны асуудлыг шийдэх ёстой гэдэг үзэл санаанд үндэслэсэн юм.  


Бишкек хотод Путин, Си, Моди гурвын нүүр тулан ярилцсан зүйлийг 6 дугаар сарын сүүлчээр Осака хотод болох G20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийхээр төлөвлөж буй БРИКС-ийн бага зөвлөгөөөн буюу Орос-Энэтхэг-Хятадын /РИК/ уулзалтын үеэр нарийвчлан хэлэлцэх юм. 


Харин АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборынхон “дахин сэргэж буй дайсагнагч хүч” /Пентагоны хэллэгийг орчуулваас энэ нь Орос улс юм/ ба “Хятадын бүх талын аюул”-ын талаар батлан ярьсаар л байх болно. Америкийн Тэнгисийн цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгисээс Персийн булан хүртэлх “маргаантай усан орон зай доторх” дайсагнагч Орос, Хятад, Ираны эсрэг чиглэсэн тактикт шилжжээ. 


Америкийн консерватив үзэлтнүүд өөрсдийнх нь үздэгээр Евразийн интеграцийн хамгийн сул хэлхээ болох Иран улсыг гутаан гүжирдэх замаар шахалт дарамтаа “дээд цэгт нь тултал” улам нэмэгдүүлсээр байна. Иран улс эдийн засгийн дайны нөхцөлд байгаа бөгөөд америк доллароос татгалзжээ. 2020 онд ШХАБ ба БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтууд Орос улсад болох тэр үед геополитикийн шатрын хөлөг дээрх нөхцөл байдал ямархуу байхыг хэн ч урьдаас тааж чадашгүй нь.


Орчуулсан Б.Адъяахүү


Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20190618/245297169.html

https://www.asiatimes.com/2019/06/article/iran-at-the-center-of-the-eurasian-riddle/

Холбоотой мэдээ