Монгол, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-01 09:50:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын Хамтарсан хорооны IV хуралдаан өнгөрсөн сарын 27-28-нд БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахлав.


Засгийн газрын Хамтарсан хороог 2015 онд байгуулсан бөгөөд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх чухал механизм болон хөгжиж байна. Энэ удаагийн хуралдааны үеэр Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх бэлтгэл ажлыг хангах, 2020 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ирэх оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлах, тусгай төлөвлөгөөний дагуу улс төр, эдийн засаг, соёл, урлагийн зэрэг 30-н ажил зохион байгуулахаар ярилцав.


Талууд улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулахад санал нэгдэв. Тухайлбал, ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг дэд сайд нарын түвшинд зохион байгуулах, Сангийн яам хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалт, Байгаль орчны яам хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг шинээр бий болгох, төмөр замын асуудлаарх хоёр талын холбогдох байгууллагуудын уулзалтыг энэ онд зохион байгуулахаар болов.


Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгааны ажил дээр үндэслэн цаашид яриа хэлэлцээг хэрхэн урагшлуулах талаар ажил хэргийн түвшинд хэлэлцэж эхлэхийг санал болголоо. Талууд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар болов.


Мөн боловсрол, соёл, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тодорхой санал солилцов. Солонгосын тал БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар нааштай судалж буйг мэдэгдэв. Монголын тал хоёр улсын иргэд зорчих урсгал жилээс жилд нэмэгдэж буйг онцолж, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчиход чиглэсэн замын зураглал гаргахад хоёр талын холбогдох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухлыг тэмдэглэв. Сайд Н.Цэрэнбат манай иргэд Солонгосын виз мэдүүлж авахад урт хугацаа зарцуулж байгааг богиносгохыг Солонгосын талаас хүссэн юм.


Талууд олон талт, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ, Зүүн Азийн Төмөр замын хамтын нийгэмлэг байгуулах зэрэг бүс нутгийн санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах болон Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар үр ашигтай санал солилцлоо. Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Холбоотой мэдээ