Нийтийн тээврийн 1226 автобусыг бүрэн камержууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-07-03 12:28:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд  нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилдэг, 18 аж ахуйн нэгжийн 1226 автобусыг бүрэн камержуулж дууссан байна. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, "Улаанбаатар смарт карт" компани хамтран өчигдөр мэдээлэв.


Batbayar Nadmid-н зураг.

Нийслэлийн  цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Э.Бат-Эрдэнэ:

-2019 оны 3 дугаар сарын 23-нд Нийслэлийн нийтийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллага удирдлагатай хамтарсан зөвлөгөөнийг цагдаагийн газар зохион байгуулсан. Энэ зөвлөгөөний дагуу нийтийн тээврийн автобусыг бүрэн камержуулах, ард иргэдийн аюулгүй зорчих байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуй нэгжийн 1226 автобусыг камержуулаад хүлээлгэн өгч байна. Өнгөрсөн оноос халаасны гэмт хэргийн тоо нэмэгдсэн ба үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхэд туслах зорилгоор энэхүү ажлыг хийсэн. Халаасны хулгайн 18 хувь нь нийтийн тээврийн унаанд гардаг.


Batbayar Nadmid-н зураг.

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Батцэнгэл:

-Автобусны  камерыг хянах байцаагчийг өдөр бүр ажиллуулна. Автобусыг камержуулснаар, нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчихдоо дүрэм зөрчсөн зөрчлийг баримтжуулах, хулгайг газар дээр нь илрүүлэх ач холбогдолтой. Нийтийн тээврийг  бүрэн камержууллаа гээд хяналтын ажлын орон тоог цомхотгохгүй.


Batbayar Nadmid-н зураг.

"Улаанбаатар смарт" компанийн менежер Ц.Түвшинжаргал:

-2015 оноос автобусуудыг камержуулж эхэлсэн. Хуучирсан камерыг шинэчилж сайжрууллаа. Шалгалтаар  камерын 50 хувь нь эвдэрсэн байсныг 123 сая төгрөгийн зардал гарган засаж, 1226 автобусыг бүрэн камержуулсан. Автобус тус бүрт дөрвөн камер суурилуулсан. Эдгээр камерын тусламжтайгаар зам тээврийн осол гэмтэл, халаасны хулгай болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрх бүхий байгууллагын ажилчид апп ашиглан автобусны камерыг гар утаснаасаа хянах боломжтой болсон. Камерын бичлэг 15 хоног хадгалагдана. Автобусанд эд зүйлсээ алдсан иргэг цагдаагийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай. Улмаар цагдаагийн байгууллага цаг алдалгүй хяналтын камерыг шүүж, хэргийг илрүүлнэ. Мөн зам тээврийн осол, бусад гэмт хэрэг зөрчлийг тухайн автобусны камераас шүүж болно. Одоогоор 80 автобусны камерыг цахимаар шууд хянах боломжтой болсон. Камерыг илүү сайжруулах асуудлыг Улаанбаатар смарт компани, эвдрэл гэмтлийг Нийтийн тээврийн газар хариуцна.

                                                                                                                                                                                  Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ