Тээврийн хэрэгслийн төлбөр хураамжийг түргэн шуурхай төлөх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-03 14:35:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс эхлэн авто тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүх төлбөр тооцоог “Гэрэгэ киоск” төхөөрөмжөөр түргэн шуурхай төлөх боломжтой болж байна.

Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгуулийн төлбөрийг гүйцэтгэх болсныг “Гэрэгэ систем” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат өнөөдөр Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-д дээрх төхөөрөмжийг танилцуулах үеэр мэдэгдэв.

Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог хялбарчилж буй “Гэрэгэ киоск”-ийг “Гэрэгэ систем” ХХК АТҮТ-тэй хамтран тус төвийн зургаан цэг, дүүргүүд дэх нэг цэгийн үйлчилгээний газар, хоёр аймаг, нийт 26 газар байршуулаад байна. Тодруулбал, нийслэл хотод “Хөсөг трейд”, “АСА” цирк,  “Да хүрээ”, “Таванган”, “Нисдэг машин” зэрэг газрын дэргэд орших АТҮТ-ийн салбарт байрлуулжээ.




Өнгөрсөн хугацаанд “Гэрэгэ киоск” төхөөрөмжөөр 70 гаруй мянган хүн үйлчлүүлж, 7.5 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ. Уг төхөөрөмжөөр хэдэн ч авто тээврийн тэмдэгтийн хураамжийг нэг дор төлөх боломжтой юм. Тодруулж хэлбэл, АТҮТ-өөс иргэдэд үзүүлдэг долоон төрлийн үйлчилгээний төлбөр хураамжийг энэ төхөөрөмжөөр төлнө гэсэн үг. Мөн жолооч нар “Гэрэгэ” аппликэйшныг гар утсандаа суулган ашиглаж авто тээврийн тэмдэгтийн хураамжийг ямар ч цаг үед төлөх боломжтойг танилцууллаа.

Б. Одгэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ