БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-04 15:44:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Хоёр улсын эдийн засгийн болон иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж, 40 гаруй мянган монгол иргэн Солонгост амьдарч байна. Ард түмний итгэлцэл манай хоёр улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа солонгос иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллаж байсан. Манай улсын иргэдэд ч та бүхний бодлого, шийдвэрүүд энэ маягаар хүрч үйлчилдэг байгаасай гэж хүсэж байна” хэмээв.


БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг, “Зургаан жилийн өмнө Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Ховд аймагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгыг барьсан. Иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай авах нь чухал учраас эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Зөв оношилж, эмчилснээр хүн амын насжилтыг уртасгах боломжтой” гээд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллаж байгаагаа хатагтай Жон Хэ Сүг хэллээ.


УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Эрүүл иргэнтэй байвал улсын хөгжил хурдацтай байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь хамгийн чухал. Монголчуудын хамгийн ихээр зорьдог улсын нэг нь БНСУ. Хувь хүн, хуулийн этгээдүүдийн хамтын ажиллагаа жил ирэх тусам улам өргөжиж байна. Цаашид технологид суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй" гэв.

Холбоотой мэдээ