Засгийн газрын гишүүд тангараг өргөдөг болох саналыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-07-05 08:19:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг хуралдав.


Ажлын багийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан ажиллаж байна.


Ажлын баг УИХ-ын байнгын хороодоос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцлээ. Төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “олонхын саналаар батална” гэснийг “олонхын саналаар хуулийг бүхэлд нь эцэслэн батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг ажлын баг дэмжлээ. Түүнчлэн төслийн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлд хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороог байгуулахаар тусгасныг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол нарын саналаар хасах нь зүйтэй гэж үзэв. Мөн дээрх гишүүдийн гаргасан Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн агуулгатай хэсэг нэмэх саналыг ажлын багийн гишүүдийн олонх нь дэмжив.


Харин Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх өгүүлбэрийг “Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүн байж болно” гэж өөрчлөн найруулах, Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх саналыг дэмжив. Мөн төслийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55-аар хязгаарлах заалтыг 50 болгон бууруулах асуудлыг ажлын дэд баг дахин хэлэлцэхээр тогтов.


Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа удаа томилно” гэсний дараа “Улсын Дээд шүүхийн нийт гишүүдийн гуравны хоёр нь шүүн таслах ажлын туршлагатай байна” гэж нэмэх УИХ-ын гишүүн О.Батнасан, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, А.Ундраа, Н.Учрал нарын санал олонхын дэмжлэг авсан юм. Мөн ажлын багийн саналаар төслийн Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын эхний өгүүлбэрийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг УИХ-ын холбогдох байнгын хороо, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, УИХ томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэж өөрчлөн найруулахаар болов.


Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж өөрчлөхөөр ажлын багээс гаргасан саналын томьёоллыг дэмжив. Мөн “Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд хуулиар тогтоосон журмын дагуу сонгож, аймгийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Дүүргийн Засаг даргыг сонгох, эсхүл томилох журмыг хуулиар тогтооно” хэмээн өөрчлөн найруулах боллоо.

Холбоотой мэдээ