Б.Цэрэннадмид: Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт сайжирвал аймаг орон нутгийн хөгжил тэр хэмжээгээр сайжирна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-07-06 11:27:35

Архангай /МОНЦАМЭ/. Сангийн сайд болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан Сум хөгжүүлэх сангийн улсын үзлэг зохион байгуулах тухай удирдамж гарч, үүний дагуу аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг бүх суманд ажилласан. Сум хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидтай ярилцлаа.


-Сум хөгжүүлэх санд улсын үзлэгийг зохион байгуулж дууслаа. Үр дүн нь яаж гарсан бэ?

-Сангийн сайд болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан улсын үзлэг зохион байгуулах удирамж батлагдан ирсэн. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ЗДТГ, Санхүү төрийн сангийн хэлтэс, ХХААГ гэсэн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан гурван ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Нэг ажлын хэсэг нь 6 сумыг хариуцаж ажилласан.  Ер нь бол 19 сумын Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээлдэгчийн мэдээлэл, ажлын байрыг нэмэгдүүлсэн байдал, зээлээ хэрхэн төлсөн байна гээд бичиг баримтаас эхлээд төслийг яг хэрэгжүүлж байгаа газар дээр нь очиж танилцлаа.

Сум хөгжүүлэх сангаас аймгийн хэмжээнд 3827 зээлдэгчдэд нийт 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Шинээр 2900 ажлын байр шинээр бий болсон гэсэн мэдээлэл бий. Гэсэн хэдий ч ажлын байрны хадгалалт нь 2200 болж 700-гаар буурсан байгаа юм. Зээлийн эргэн төлөлтийг харахад 15.8 тэрбум төгрөгөөс 10 гаруй тэрбум төгрөг буюу 64 хувийг эргэж төлсөн. Үлдсэн 36 хувь нь эргэн төлөгдөөгүй, зарим нь хугацаа хэтрэлттэй байгаа юм. Газар дээр нь зээл олгосон байдал, зээлийн мөнгөөр хийж байгаа ажил байдалтай танилцахад үнэхээр хангалтгүй дүр зураг харагдсан.

Сум хөгжүүлэх сан бол тухайн сум орон нутгийг хөгжүүлэх зээл шүү дээ. Зээлээ аваад ажлын байр нэмэгдүүлээд явах байтал зээл хүссэн иргэдэд маш багаар амьжиргаа залгуулах байдлаар олгодог, зарим тохиолдолд мэдээлэлд ойр байдаг сумын удирдлагууд, тамгын газрын ажилтнууд, төрийн албан хаагчид зээл аваад зориулалтын бусаар ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн байх дүр зураг харагдаж байгаа юм. Бид хуулийн байгууллага биш учраас яг ингэсэн, тэгсэн байна гэж дүгнэлт гаргахгүй.

-Сум хөгжүүлэх сангийн зээл олголтод ямар зөрчлүүд их байв?

-Сумдад ажиглагдсан нийтлэг алдаа нь хэтэрхий жижиглэж олгосон, ямар ч үр ашиггүй, эдийн засгийн тооцоололгүй, хэрэгжих боломжгүй төсөл нэртэй материалуудад мөнгө олгосон, мөн мөнгө олгохдоо яг юм хийх, ажлын байр нэмэгдүүлэх, чадвартай хүмүүст олгохгүй байна гэсэн алдаа дутагдлууд гарсан. Би түрүүн дурдсан. Мэдээлэлд ойр байгаа, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн ойр тойрны хамаарал бүхий этгээдүүд найз нөхөд, хамаатан садан, ах дүү нар дээрээ хэд хэдэн удаагийн үйлдлээр зээл авсан. Уг нь бол төрийн албан хаагч зээл авч болохгүй гэсэн зүйл байхгүй л дээ. Гэхдээ зээл авсан хэдий ч бодитой, үзэж харах, хийж бүтээсэн зүйл алга. Дараагийн нэг зүйл нь Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч өөрөө эрдэм шинжилгээ, судалгаа, багшлах гэсэн зүйлүүд нээлттэй байна. Аж ахуйтай холбоотойгоор нэг компани удирдаад явж болохгүй. Тэгэхээр энэ хуулийн заалт хангалтгүй, хэрэгжихгүй байна гэж харагдаж байгаа юм.

2011 оноос энэ зээл олгох ажил эхэлсэн. 2016 онд журам өөрчлөгдсөн. Журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зээл олголт арай цэгцэрсэн хандлага харагдсан. Үндсэндээ бол 2011-2016 он хүртэл сум хөгжүүлэх сангийн зээлийг хар үгээр хэлэхэд хэтэрхий назгай олгосон байна. Үүнийг цэгцэлж авахгүй бол үнэхээр хүнд байдалтай болжээ. Зарим сум бол санаачилга гаргаад үнэхээр юм хийе гэсэн хүнд өгөөд явж байхад, зарим суманд харамсмаар зүйлүүд их байсан. Авсан зээлээрээ юу ч хийгээгүй. Жишээ нь, Төвшрүүлэх суманд л гэхэд хөдөө тоггүй газар амьдардаг хүн мужааны цех ажиллуулна гээд 10.0 сая төгрөгийн зээл авсан байна. Энэ хүн яаж мужааны тоног төхөөрөмжийг тоггүй газар ажиллуулах вэ. Мөн нэг хоолны газрын нэр дээр эхнэрийнхээ болон аавынхаа нэрээр гээд хэд хэдэн удаа нэг төрийн албан хаагч нь зээл авсан байгаа юм. Ийм зүйлүүд ажиглагдсан.

-Цаашид зээл олголт, эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Аймгийн ажлын хэсгийнхэн улсын үзлэгийг хийгээд тайлан мэдээллээ холбогдох яамд руу явуулсан. Одоо бид сум хөгжүүлэх сангийн зээлийг яаж сайжруулах вэ гэдэг чиглэлээр аймгийн Засаг даргын албан даалгаврыг гаргах гээд боловсруулах шатандаа явж байна. Дараа нь зарим сумын Сум хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг санхүүгийн хяналт, аудит, Цагдаагийн газар зэрэг хуулийн байгууллагуудад шилжүүлж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээл авсан, олгосон эсэхийг шалгуулахаар болж байгаа. Хэд хэдэн сум зөрчилтэй. Дараагийн нэг зүйл нь Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд, албан тушаалтан, төрийн албан хаагчид зээлээ цаг хугацаанд нь төлөөчээ. Та бүхний эргэн төлөлтийн мөнгөөр дараачийн жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэл эрмэлзэлтэй, чадвартай байгаа хүмүүсийн боломж нээгдэх юм шүү.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас цаашид яаж ажиллах вэ гэхээр Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд болоод албан тушаалтнуудын юу хийж байгаа эсэхийг харуулж, газар дээр нь очиж мэдээ, сурвалжлага бэлтгэн бодит байдлыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж мэдээлэхээр төлөвлөж байна. Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт сайжирвал аймаг орон нутгийн хөгжил тэр хэмжээгээр сайжирна гэж үзэж байна. Тэгэхээр Сум хөгжүүлэх сан бол сумаа хөгжүүлдэг сан байгаасай гэдэг үүднээс аймгийн ЗДТГ-аас шат дараалсан олон ажил хийнэ.

-Мэдээлэлд ойр байгаа хүмүүс нь зээл аваад байдаг талаар ярилаа. Тэгвэл Сум хөгжүүлэх сангийн зээлийн талаар мэдээлэлгүй байгаа иргэдэд хэдэн төгрөгийн зээлийг ямар хүүтэй авч болдог талаар товчхон мэдээлэл өгөх үү?

-Энд бас өрөөсгөл ойлголтууд байна. Манай иргэд өөрсдөө мэдээлэл олж авах эрхээ мэдэхгүй байна. Иргэд төслөө бариад, асуудлаа тавиад мэдээлэл авъя гэвэл нээлттэй шүү дээ. Нөгөө талаар Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг сумд нээлттэйгээр зарлахгүй байгаа юм. Тухайлбал, Эрдэнэбулган сумын Сум хөгжүүлэх санд 2019 онд 600.0 сая төгрөг байна. Үүгээр ийм чиглэлийн төслүүдийг дэмжсэн, одоо 300.0 сая байна гэдэг ч юмуу, Өлзийт суманд зээлийн эргэн төлөлтөд энэ жил 100.0 сая төгрөг орж ирсэн. Эргээд ийм чиглэлээр олгоно гэх байдлаар мэдээллийг дор дор нь шуурхай иргэдэд мэдээлж байгаа нь бага байна. Мөн төсөл сонгон шалгаруулах комисс гэж байдаг. Энэ комиссын үйл ажиллагаанд ч асуудал байна гэж харж байгаа.  

Нөгөө чадвартай, бизнес санаатай сайн төсөл барьсан хүнээ дэмжиж чадахгүй төрийн албан хаагчид авсан нь харамсмаар. Хатуухан хэлэхэд тэд бизнес хийж, үйлдвэрлэл эрхэлсэн зүйл байхгүй, гэртээ тавилга авсан, машин авч унасан хүмүүс л байна.

-Бусад аймагт ямар хэмжээнд байдаг юм бол?

-Аймгуудад ер нь миний ярьсанчлан ижил зүйлүүд ажиглагдсан байсан. Бүр улс төрийн өнцгөөс олгосон байгаа юм. Иргэн бүрт 500.000-1.000.000 төгрөгийг тараасан байсан. Боддоо...Нэг иргэн энэ мөнгөөр ямар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх вэ, цагаан идээнээс бусад төрлийн үйлдвэрлэлийг бага мөнгөөр явуулж, эргэлдүүлж чадахгүй шүү дээ.

-Сум хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүсээс үнэхээр зориулалтын дагуу ашиглаад, ажлын байр нэмэгдүүлсэн гээд сайн, сайхан явж байгаа зээлдэгчид бий биздээ?

-Байлгүй яахав. Жишээлбэл, дугуй болон авто засвар, машины оношилгоо, талх, нарийн боовны цех, жижиг гар урлалын бизнес эрхлэгчид, хэвлэл, цагаан идээний чиглэлээр гээд...Яг энэ бизнесээрээ амьдралаа залгуулаад явж байгаа хүмүүс олон бий. Бид үүнийг амжилт гэж харахаас илүү зээл авсан мөнгөө зориулалтын зөв зүйлдээ зарцуулж байна гэж харна. Харин зориулалтын бус ашигласан зүйлүүдийг асуудал гэж хараад дараагийн арга хэмжээнүүдийг авч ажиллана.


-Ярилцлагын төгсгөлд энэ сантай холбоотой ямар мэдээлэл өгөх вэ?

-Сум бүрт сум хөгжүүлэх сан гэж байгаа. Энэ хөрөнгийг сумын ИТХ-аас нь манай суманд ямар үйлдвэрлэл үйлчилгээг дэмжиж бий болгох вэ гэдэг дэмжих төслийнхөө тэргүүлэх чиглэлийг гаргадаг. Мал аж ахуй, газар тариалан, барилгын материал, оёдол, үсчин гэх жишээний. Сум хөгжүүлэх сангийн зээлийг тогтоож өгсөн тэргүүлэх чиглэлийн дагуу олгоно. Тэгэхээр манай иргэд сумынхаа ИТХ, ЗДТГ-аас мэдээллээ аваад, сумаас дэмжсэн төслүүдэд хяналт тавиад яваасай гэж хүсч байна. Дараагийн дугаарт, зээл авсан иргэд зээлийн эргэн төлөлтөө хуваарийнхаа дагуу төлөөсэй. Дараагийн хүнд санхүүжилт болдог юм шүү гэдгийг хэлмээр байна.

-Баярлалаа танд.            

Холбоотой мэдээ