Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр нь бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-08 16:24:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан морины унаач хүүхдүүдийг хурууны хээгээр нь бүртгэх талаар өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ноос мэдээлэв.


Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Унаач хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх” гэж заасан бөгөөд үүний дагуу хүүхдүүдийг мориноос унаж амь нас, эрүүл мэндээр хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгохоор 11 даатгалын компани ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд нийт 7000 хүүхэд даатгуулж байсан бол энэ онд одоогийн байдлаар 4000 гаруй хүүхэд даатгуулжээ. Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэснээр тухайн хүүхдийн насны тоог харуулаад зогсохгүй даатгалын гэрээтэй эсэхийг нь шалгах юм.


Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгах бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээ 100 мянгаас 20 сая төгрөг байх аж. Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НМХГ-аас унаач хүүхдүүд стандартын дагуу хувцасласан эсэхэд хяналт тавих бөгөөд стандартад нийцсэн хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна.


Мөн энэ оны нэгдүгээр сарын 24-нд Унаач хүүхдүүдийг осол гэмтлээс сэргийлэх зорилгоор хурдан морины уралдааны дүрэмд уралдааныг есөн машин дагахаар заажээ. Тодруулбал, хүн эмнэлэгийн нэг, мал эмнэлэгийн нэг, цагдаагийн хамгаалалтын хоёр, даамал, дэд даамал, бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэг машин дагахаар болжээ. Уяачдын машин дагахыг хориглох юм.


Энэ талаар ММСУХ-ны Ажлын албаны дарга Б. Батбаатар, “Өнгөрсөн жилийн наадмаар 49 хүүхэд бэртэж, 100 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байдаг. Энэ жил даатгуулаагүй хүүхдийг уралдуулах боломжгүй. Мөн бид даатгалын компаниуд дээр тодорхой шаардлага тавьж байгаа ба стандартын хувцаснуудыг уралдааны талбайд байлгаж түрээслүүлэх нөхцлийг хангана. Ингэснээр стандартын бус хувцас өмссөн хүүхэд газар дээр нь хувцасаа сольдог болох юм” гэв.

Б. Одгэрэл

Холбоотой мэдээ