Төв аймаг 96 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр нээлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-07-09 11:18:29

Төв /МОНЦАМЭ/. Төрт ёсны уламжлал, түүх соёлын гайхамшиг эрийн гурван наадам Төв аймагт ёслол төгөлдөр эхэллээ.

 Энэ жил Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Төв аймгийн 96, Зуунмод хот байгуулсаны 77 жил, Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа билээ.

Нээлтийн ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Манзушир хутагт Данзанжамъяндорж гэгээнтэн, Засаг даргын орлогч, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Мөнхбадрал тэргүүтэй аймаг сумын удирдлагууд, урлаг соёл, спортын алдартнууд, наадамчин олон оролцлоо. 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр тогтоолоор төрөлх аймгийнхаа 96 жилийн ойн баяр наадмыг Сэргэлэн сумын уугуул Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойтой хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог юм. Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцсан, эрдэм чадал авьяас билэг хосолсон агуу хөгжмийн зохиолчдын маань уран бүтээл, туурвил нь Монголын ард түмэнд төдийгүй дэлхийн урлагийн сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан билээ.

1951 онд хөгжмийн зохиолчид маань хамтран Монгол Улсын Төрийн дууллын аялгууг зохиосон түүхэн гавьяатнууд юм. Монгол хүн бүр “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг эгшиглэх тэр агшинд эх орноороо бахархан, омогшиж байдаг билээ. 

 

 

Холбоотой мэдээ