Нэр бүхий хүмүүст Засгийн газрын Хүндэт өргөмжлөл гардуулав

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2019-07-10 15:15:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл гардуулав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дээд шагналыг гардуулж баяр хүргэв.


Хүндэт өргөмжлөлөөр, "Хү” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах, багийн гишүүд, “Миний клуб” ТББ-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам, байгууллагын гишүүдийг шагналаа. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын ахлах референт Д.Болор-Эрдэнэ, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын аврагч усчин, ахлах ахлагч Т.Түвшинбаатар нарт дээрх шагналыг хүртээлээ. 


 “Хү” хамтлаг “Хүннү рок” урсгалыг шинээр бий болгож, үндэсний хэв шинжийг агуулсан уран бүтээл туурвин, өв соёл, үндэсний урлагаа “Youtube”-ээр дамжуулан 20 орчим сая хүнд хүргэж, Европын 13 улс, 23 хотоор аялан тоглосон байна.



“Миний клуб” байгууллага нь залууст байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлгээ төлөвшүүлэн, мод тарих хүсэл эрмэлзэлтэй болгох, иргэдийг мод тарих үйлсэд татан оролцуулдаг. Тус байгууллага улсын хэмжээнд 16 газарт 700 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.  


Аврагч-усчин, ахлах ахлагч Т.Түвшинбаатар нь Онцгой байдлын албыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулж 780 гаруй гаруй хүний амь насыг авран хамгаалжээ.



Д.Болор-Эрдэнэ нь олон жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллан Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байна.


Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн алба, хууль ёсыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, шинжлэх ухаан-техникийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг шагнадаг аж.

Холбоотой мэдээ