Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ цолтнуудад цол, тэмдэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-12 22:14:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Монгол Улсын начин цолны болзол, зургаа давж харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол, тэмдгийг нь гардууллаа.


Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага цолны үнэмлэхийг нь гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж баяр хүргэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин цол хүртсэн бөхчүүд:

1.   Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодном

2.    Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр

3.    Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Б.Баярбаатар

4.    Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ

5.    Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн арслан А.Давааням


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар Монгол Улсын харцага цол хүртсэн юм.  

Тэрбээр 2016 онд тухайн үед аймгийн хурц арслан цолтой байсан Ш.Мөнгөнбаатарыг /Улсын харцага/ давж, улсын начин цол хүртэн, харцага цолны төлөө аймгийн арслан Б.Бат-Өлзийд (Улсын харцага) өвдөг шороодсон билээ. Харин энэ наадамд Б.Бат-Өлзийтэй зургаагийн даваанд дахин таарч, харцагыг давж, Монгол Улсын харцага цол хүртлээ.

 


Холбоотой мэдээ