Сумын заан Д.Ням-Очир аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-14 22:15:28

Архангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Архангай аймаг байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадам энэ сарын 10, 11-ний өдөр болж өнгөрлөө.

Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 256 бөх барилдсан ба үүнээс улсын цолтой 12, аймаг, цэргийн цолтой 55, сумын цолтой 83, өсвөр, залуу бөхчүүд байлаа. Бөхийн барилдааныг Улсын заан Ч.Гочоосүрэн, Улсын харцага Т.Мөнгөнцоож, Г.Батбаяр нар манлайлан барилдсан юм. Хашаат сумын харьяат, улсын засуулч н.Баяраа, Батцэнгэл сумын харьяат, улсын засуулч н.Дарьсүрэн нарын 8 засуул, хөлийн цэц 2, гарын даа 2-той дэг жаягийн баг бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ажилласан байна. Хүчит бөхийн барилдаанд жудо бөхийн Дэлхийн аваргын хүрэл медальтаймгийн заан Л.Отгонбаатар, Цэнхэр сумын харьяат, сумын сумын заан Д.Ням-Очир нар үзүүр, түрүүнд үлдэж барилдсанаас Цэнхэр сумын харьяат, сумын заан Д.Ням-Очир түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ.



/Зураг дээр цэнхэр зодог, шуудагтай нь аймгийн арслан Д.Ням-Очир/ 


Аймгийн арслан Д.Ням-Очир: Аймгийнхаа наадамд барилдаад аймгийн арслан цол авсандаа баяртай байна. Цаашдаа улсын цолонд хүртэл бэлтгэлээ сайн хийж, барилдана аа. Нутгийн зон олон та бүхэндээ баярлалаа.

 

Дэлхийн аваргын хүрэл медальт, аймгийн заан Л.Отгонбаатар: Нутгийн нийт ард иргэддээ сайхан наадаж байна уу гэж мэндчилье. Аймгийнхаа баяр наадамд сайхан барилдаж гурав дахь удаагаа үзүүрлэлээ. Энэ жилийн наадам сайхан боллоо. Сайхан ч зун болж байна. Нийт ард иргэддээ наадмын мэнд дахин хүргэе ээ.

 

Хурдан морьдыг “Ган зуузай”-гаар байлав

 

Аймгийн баяр наадмаар азарга, их нас, хязаалан, соёолон, шүдлэн, дааган насны зургаан морь, мөн эрлийз насны дээд, дунд, бага насны морьдыг тусад нь уралдуулан цоллож, байлсан. Эртний төрт улсын баяр наадмын бай шагналд олгодог байсан "Ган зуузай"-г билгэдэл болгож энэ жилийн баяр наадмын хурдан морьдын уралдааны айргийн тавд хурдалсан морьдод алт, мөнгө, хүрэл медаль өгөхөөс гадна "Зуузай" /суран хазаар/-гаар байлж буй нь урд жилүүдийн бай шагналаас онцлог байлаа.

Аймгийн наадмын хурдан морины уралдааны айргийн тавын цуваа:

Азарга:

1. Ихтамир сумын уяач Л.Эрхэмбаярын хонгор

2. Эрдэнэмандал сумын уяач н.Тогтохжаргалын хонгор

3. Эрдэнэмандал сумын уяач н.Амартүвшингийн хээр

4. Цэнхэр сумын уяач н.Отгонцэрэнгийн хонгор

5. Өндөр-Улаан сумын уяач н.Батзаяагийн хар алаг

Их нас:

1. Цэнхэр сумын уяач н.Доржийн бор

2. Цэнхэр сумын уяачн н.Балсангийн хээр

3. Хотонт сумын уяач н.Амгаланбаатарын хонгор

4. ЭБ сумын уяач н.Батбямбын хүрэн халзан

5. Булган сумын уяач С.Гантулгын буурал

Соёолон:

1. Цэнхэр сумын уяач Г.Цэдэндамбын хүрэн

2. Цэцэрлэг сумын уяач Э.Түвдэндоржийн хүрэн

3. Өндөр- Улаан сумын уяач Г.Очирбатын хонгор

4. Чулуут сумын уяач Б.Жавхлантөгсийн хээр

5. Булган сумын уяач Б.Балдангийн хонгор

Хязаалан:

1.Цэцэрлэг сумын уяач Б.Пүрэвсүрэнгийн хул

2. Чулуут сумын уяач Ш.Мэндбаярын хүрэн

3. Цэцэрлэг сумын уяач Б.Түвшинбаатарын хүрэн халзан

4. Өндөр-Улаан сумын уяач Ш.Бадамжунайгийн хонгор халзан

5. Хотонт сумын уяач Д.Шатарын шарга

Шүдлэн:

1. Өндөр-Улаан сумын Т.Ганбаатарын хээр

2. Өвөрхангай аймгийн Ш.Улаанаагийн сартай хээр

3. Тариат сумын Т.Оргил-Эрдэнийн хээр

4. Тариат сумын С.Ганзоригийн хул сартай

5. Батцэнгэл сумын А.Мөнхбаярын толбот хүрэн

Даага

1. Чулуут сумын н.Дэлгэрдалайн хүрэн

2. Өндөр-Улаан сумын Ш.Бадамжунайн сартай хээр

3. Өндөр-Улаан сумын Г.Энхбаярын халзан

4. Эрдэнэбулган сумын Г.Бямбасүрэнгийн хээр

5. Төвшрүүлэх сумын Б.Мээпамын бор

Үндэсний сурын харвааны аймгийн мэргэн, гарамгай, гоц мэргэд шинээр тѳрлѳѳ


Аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд Улаанбаатар, Өвөрхангай аймаг, Хархорин, Эрдэнэбулган, Жаргалант, Чулуут, Хашаат сумдын, мөн өсвөрийн гээд нийт 86 харваач цэц мэргэнээ сорилоо. Харваачид ханан, хасаа харваанд нийт 40 сум тавьж, мэргэнүүдээ шалгарууллаа. Эрэгтэй тѳрѳлд:

Увс аймгийн харьяат, спортын мастер Б.Ням-Очир түрүүлж "Аймгийн мэргэн" цолыг хүртлээ. Эрдэнэбулган сумын харьяат, спортын дэд мастер Г.Амартүвшин удаалсан бол Жаргалант сумын харьяат, сумын гарамгай мэргэн Г.Пүрэвдорж гуравт орж, "Аймгийн гоц" харваач цолыг хүртлээ. Ѳвѳрхангай аймгийн харьяат, 1-р зэргийн харваач М.Мандахбаяр, Жаргалант сумын харьяат, залуу харваач Г.Баттулга нар 4, 5-р байрт орлоо.

Эмэгтэй тѳрѳлд:

Эрдэнэбулган сумын харьяат Э.Цэцэгдэмбэрэл түрүүлж, "Аймгийн мэргэн" цол хүртлээ. Ѳвѳрхангай аймгийн харьяат харваач Х.Буянцэцэг удаалж, "Аймгийн гарамгай" харваач цолыг, Ѳвѳрхангай аймгийн харьяат харваач Ч.Ууганцэцэг гуравт орж, "Аймгийн гоц" харваач цолыг тус тус хүртлээ. Мөн Ѳвѳрхангай аймгийн харьяат харваач Н.Банзрагч, Ц.Норжинсүрэн нар 4, 5-р байранд оржээ.

70 гаруй харваачид Шагайн харваанд оролцлоо


Аймгийн баяр наадмын шагайн харваанд 10 багийн 70 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон. Багийн харвааны нэгдүгээр байрт Эрдэнэмандал сумын Э.Баттуул ахлагчтай баг орсон бол Өндөр-Улаан сумын Ш.Буянтогтох ахлагчтай баг, “Хоёр Оюу”, “АЗЗА” ТӨХК-ийн аймгийн гоц мэргэн Хонгор ахлагчтай баг дараагийн байруудад орлоо. Цуваа харваанд Хашаат сумын харьяат, аймгийн гоц мэргэн н.Намнансүрэн оржээ. Энэ  жилийн баяр наадмаар Сундуйсүрэнгийн Базаррагчаа аймгийн гоц мэргэний болзол хангаж, цолоо авсан юм.

Мөн аймгийн баяр наадмаар наадамчдын дунд шатар болон волейболын тэмцээнүүдийг зохион байгуулж, тэргүүн байруудад шагналыг гардуулж өгөв.

Холбоотой мэдээ