Ишгэн толгойн хаданд сийлсэн дүрслэл давтагдашгүй арга барилтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-16 12:26:00

Ховд /МОНЦАМЭ/. Монгол алтайн нурууны ар биеэс эх авсан Урд, Цэнхэр, Дунд, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Манхан сумын төв орчимд нийлж урсах ба түүний хойд талыг Ишгэн толгой гэнэ. 

Энэ нь Манхан сумын төвөөс хойш 6 км орчим зайд оршдог. Энэ орчмоос эрдэмтэд хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хучдас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор олж судалсаар байна.

Ишгэн толгойн хаданд үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толио дээр энд тэнд гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан байдаг. Зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий буйгаас үзэхэд эдгээр зураг нь нэлээд эртний болох нь тодорхой гэж судлаачид үзэж байна.

Аль ч үед зургийг хаднаа сийлэхдээ гол төлөв нөмөр талыг сонгон авдаг бол Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойд талд, өөрөөр хэлбэл салхин талд зонхилж буй нь санамсаргүй мэт боловч цаашид сонирхон үзүүштэй баримт гэж судлаачид тэмдэглэжээ.

Ишгэн толгойн хаданд нийт 150 дүрс сийлснээс, хүн 1, адуу 18, үхэр 13, буга, хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9 чухам ямар амьтан болох нь тодорхойгүй амьтны дүрс 53 байна.

Энд дан зэрлэг амьтдыг дүрсэлсэн бөгөөд дүрслэхдээ амьтдын биеийн ерөнхий талыг хүрээлэн цохиж гаргах,  бүх талбайг  хонхойлгон цохих гэсэн  хоёр үндсэн арга барилыг хэрэглэж, улмаар тухайн амьтны дүрсийг бодит байдлаар харуулахдаа яг байгаагаар хуулбарлаагүй. Харин онцлог шинжийг цохон урлахын зэрэгцээ янгирын махир эврийг гоёмсог байдалтай нум хэлбэртэй гаргаж, нуруунд хүргэлгүй дүрсэлсэн байхад, аргалийн эврийг тал дугуй хэлбэрээр хүзүүтэй нь давхардуулан махирлуулсан байна.

Амьтдыг дүрслэх дээрх үндсэн хоёр барилаас гадна сонирхууштай өөр онцлог барилууд ч энд ажиглагдана. Тухайлбал, амьтны биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж зөвхөн толгойн хэсгийн бүх талбайгаар хонхойлгон дүрсэлснээр Монголын чулуун зэвсгийн урлагийн нэгэн онцлог арга болохыг илтгэх аж.  

Амьтдын ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж гаргахдаа түүний зүрхний харалдаа хонхойлгон цохисон хүзүү нуруунаас доош хөндлөн зураас гаргаж хонхойлгосон байх нь олонтаа харагдана. Мөн амьтны гадаад тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний хэвлий, хөл хоёрыг залгалгүй дутуу орхисон барил буйг судлаачид тэмдэглэжээ.

                      

Баянзүрхийн буган хөшөө-Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох
чулуун дурсгал


Энэ буган хөшөө Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцалд байдаг. Үүнд, 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг.  Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлжээ. 

Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг.  Мөн одоогоор түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэгт дүрсүүд бас байгаа юм.


 

 

Холбоотой мэдээ