"Оюу толгой" уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-16 12:09:45

КАНБЕРРА. /CNBC/. Монгол Улс дахь “Оюу Толгой” зэсийн далд уурхайн төслийн хуваарь болон зардлын талаарх шинэ мэдээллүүдийг “Rio Tinto” компани мягмар гарагт танилцуулжээ.


Rio Tinto” компанийн мэдээлснээр, геологийн асуудлуудын улмаас “Оюу Толгой” далд уурхайн төслийн зардал цаашид 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшилж магадгүй ажээ. 


Дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болох төлөвтэй байгаа уг төслийн үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хянах өрөөний байгууламж, эрүү бутлуурын систем зэрэг дэд бүтцийн зарим гол ажил дуусаж, 3, 4 дүгээр босоо амын барилгын ажил үргэлжилж байна. Мөн 2 дугаар босоо амыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.


“Хөрсний нөхцөл урьдчилан таамаглаж байснаас илүү хүндрэлтэй байгаа тул бид төлөвлөгөөгөө дахин хянах хэрэгтэй болсон. Том хэмжээний төслийн хувьд хугацаа хойшлох нь хэвийн үзэгдэл” гэж “Rio Tinto” компанийн мэргэжилтэн Стивен Макинтош хэлжээ. Мөн тэрбээр, “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг дахин хянаж, өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан тохиолдолд ирэх наймдугаар сарын 1-нд мэдэгдэнэ хэмээн нэмж хэлсэн байна.  

Холбоотой мэдээ