Венесуэл улс 40 сая ам.доллартой тэнцэх алт худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-07-16 15:42:03

КАРАКАС. /TASS/. АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөн хэдий ч Венесуэлийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт 40 сая ам.доллартой тэнцэх хэмжээний алт худалдсан тухай “Bloomberg” агентлаг эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Венесуэлийн Төв банк долдугаар сарын 12-нд 1 тонн орчим алт худалдсан байна. Алтыг чухам аль улс худалдан авсан талаар мэдээлэл байхгүй байгаа боловч “Bloomberg”-ийн мэдээлэлд худалдан авах боломжит улсаар Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Турк улсыг нэрлэжээ. Энэ асуудлаар Венесуэлийн Төв банкны төлөөлөгчид мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.


Венесуэл улс өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш 24 тонн алт худалдаж, алтны нөөц нь 8.1 тэрбум ам.доллароор багассан гэж “Bloomberg”-ийн мэдээлэлд дурджээ.


Венесуэлийн алтны нөөцтэй холбоотой үйл ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нд хориг тавьсан юм. Николас Мадурогийн Засгийн газарт "улс орныхоо баялгийг хулгайлахад" нь саад хийх зорилгоор хориг тавьсан гэж Цагаан ордны хэвлэлийн алба тухайн үед мэдээлж байв.


Холбоотой мэдээ