Сум хөгжлийн сангийн зарцуулалтын нөхцөлд хөндлөнгийн үнэлгээ хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/."Дундговь-Иргэний нийгмийн
байгууллагуудын сүлжээ" ТББ,Нээлттэй нийгэм форумын дэмжлэгээр тус аймгийн
хэмжээнд Сум хөгжүүлэх сангийн зарцуулалтын нөхцөл байдалд мониторинг хийжээ.
Судалгаанд Сайнцагаан,
Эрдэнэдалай суманд үйл ажиллагаа
явуулдаг 155 бизнес эрхлэгч, хоёр сумын төсөл шалгаруулах болон Хяналтын орон
тооны бус зөвлөлийн гишүүд хамрагдсан төдийгүй Сум хөжгүүлэх сангийн улсын үзлэг, аймгийн
аудит, санхүүгийн хэлтсийн тус сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын
тайлангууд болон бусад баримт бичигт дүн шинжилгээ хийсэн аж.
Засгийн Газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор
батлагдсан СХС-ийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих
журам”-ын дагуу дээрх хөрөнгийг сумдад жижиг, дунд
үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн
дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулах ёстой.
Тиймээс энэхүү зээлийг арилжааны
банкуудаар дамжуулдаггүй, сумын ЗДТГ өөрөө бие дааж шийдвэрлэж, Засаг дарга
гэрээ байгуулан олгодог, сангаас шууд санхүүжүүлдэг, барьцаа хөрөнгийн баталгаа
арилжааны банк шиг хатуу нөхцөлгүй, зээлийн эргэн төлөлтийг орлогын эх
үүсвэрээс хамааруулан хийх боломжтой, улсын төсөвт эх үүсвэрийг буцаан
татдаггүй онцлогтой.
Судалгааны дүнгээс харахад сумдууд
зээл олгох явцад дараах алдаа, зөрчлүүд гарч байгааг судалгааны баг онцолжээ.
Төсөл сонгон шалгаруулах тухай мэдээллийн
хүртээмж тааруу, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоо байхгүй, төслийг
шалгаруулахдаа тухайн төслийн үр өгөөж, зах зээл, эдийн засгийн бодитой
тооцоололд суурилдаггүй, шударга биш ханддаг, жинхэнэ бизнес хийх хүндээ
өгдөггүй, зээлдэгчийн хүссэн зээлийг хэт багасгаж өгөх зэрэг зөрчлүүд нийтлэг
байна.
Мөн төслийн шалгаруулалт, үйл
ажиллагааны талаарх мэдээлэл хангалтгүй, ил тод биш, зээл олголтын талаарх
мэдээллийг шилэн дансанд байршуулдаггүй, зээлийн зориулалтаар нь ашиглах
байдалд тавих хяналт сул байгаа зэргээс шалтгаалан тус сангийн үр өгөөж, үр дүн
муу, хугацаа хэтрэлт их байгаа ажээ.
Судалгааны үр дүнд дүгнэлт, зөвлөмж гаргаж,
аймгийн Засаг дарга, 15 сумын Засаг дарга, иргэдэд дүнг танилцуулан
зарцуулалтыг сайжруулах нөлөөллийн үйл ажиллагааг явуулна хэмээн тус ТББ-ын
гүйцэтгэх захирал Б.Өлзийсайхан мэдэгдсэн юм.
2011 оноос хойш тус аймгийн хэмжээнд СХС-аас нийт 1341 иргэн,
аж ахуйн нэгжид 9,03 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин өнөөдрийн байдлаар 437
зээлдэгчийн 2,9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Түүнээс 127
зээлдэгчийн 1,2 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтрэлттэй, 662,4 сая төгрөгийн зээл шүүхийн шатанд, 19,4
сая төгрөгийн зээл эргэн төлөгдөх боломжгүй зээлийн ангилалд багтаж, зээл
ашиглалт 79,7 хувьтай байгаа ажээ.