Дундговь аймгийн нийт нутгаар зуншлага тааруу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-18 10:33:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн нутгаар хур тунадас бага, агаарын хэм халж байгаа учраас нутгийн 90 орчим хувьд зуншлага тааруу гэж аймгийн УЦУОШГ-ын дарга Я.Мажаасүрэн танилцууллаа.

Тэрээр энэ сарын 18-наас 19-нд хур тунадас орох магадлалтай, үүл орж ирж байна. Энэ өдрүүдэд агаарын температур бага зэрэг сэрүүсэх учраас үүл доошилж, нийт нутгийг хамарсан хур тунадас орох магадлалтай бөгөөд зуншлага сайжрах боломжтой гэлээ.

Гэхдээ хэт халалт, хуурайшилтаас болоод хүчтэй, дуу цахилгаантай бороо орж болзошгүй хэмээн анхааруулсан юм.

Долдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар агаарын дундаж температур нийт нутгаар  19,3-24,1 хэм дулаан байсан бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Луус суманд олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 1,3 -2,7 хэм дулаан байжээ. Нийт нутгаар өдөртөө 31-35 хэм дулаан,  шөнөдөө 8 -14 хэм дулаан байсан.

Харин хур тунадасны хувьд нийт нутгаар 0,0-38,1 мм хур тунадас орж, долдугаар сарын 10-ны байдлаар Сайхан-Овоо сумын зүүн тал, Луус сум зуншлага бага зэрэг сайжирснаас бусад нутгаар зуншлага тааруу байгаа аж.

Тиймээс малчдын байдал хүнд, малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байгаа юм. Долдугаар сарын эхний 10 хоногт Сайхан-Овоо сумын нутагт мөндөр орсноос 475 толгой мал хорогджээ.

Маргааш оройноос нутгийн баруун зүгээс үүлших тул аймгийн УЦУОШГ-аас цаг агаарт зориудаар нөлөөлөхөөр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ