Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 78.4 тэрбум төгрөгөөр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-18 13:59:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр зургадугаар сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 20.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал 2.9 их наяд төгрөгөөр өссөн байна.

 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.1 хувийн хугацаа хэтэрчээ


Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө зургадугаар сарын эцэст 937.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс зургаан тэрбум төгрөгөөр өсөөд байна.

 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зургадугаар сарын эцэст 751.1 төгрөг болж, өмнөх сараас 69.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 78.4 тэрбум төгрөгөөр буураад байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.1 хувийг эзэлж байгаа аж.


Иргэдийн зээлийн 28 хувийг цалингийн зээл эзэлж байна

 

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 12 их наяд байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байна. Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 37.2 хувийг ипотекийн зээл, 28 хувийг цалингийн зээл, 12.5 хувийг ЖДҮ-ийн зээл, 9.8 хувийг хэрэглээний зээл, 6.9 хувийг тэтгэврийн зээл, 5.6 хувийг бусад зээл эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургадугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болжээ. Үүнийг өмнөх сартай харьцуулвал 60.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 596.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.7 хувиар өсжээ

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувь, мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 31.6 хувь, ундааны дэд бүлгийн үнэ 5.8 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнэ нэг хувиар, согтууруулах ундаа, тамхины үнэ бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

 

Манай улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, экспорт 10 хувиар өсөөд байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.долларт хүрснээс, экспорт 3.9 тэрбум ам.доллар, импорт 2.9 тэрбум ам.доллар болжээ. 

Б.Болд

Холбоотой мэдээ