"Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-07-18 18:40:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав.


Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, “иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг агуулга, хөтөлбөрийн дагуу Удирдлагын академи хариуцан зохион байгуулна” гэж тусгасан байна.


Мөн хуралдаанаар өнгөрсөн сарын 28-30-нд Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газрын комиссын 22 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд даалгав.


Түүнчлэн “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын ноот бичгийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт олгов.


Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив. Хөрөнгийг дэд бүтэц, хотын усан хангамж, бохир ус, хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна. Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд захирамж гарган хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох юм.


Мөн Засгийн газрын нөөц сангаас Өнөр бүл хүүхдийн төвийн хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, амьдрах нөхцөлийг нь сайжруулах, засвар хийхэд шаардагдах хөрөнгийг гаргах болов. Тус төвд өнгөрсөн сарын 8-нд гал гарсан юм.

Холбоотой мэдээ