Дэлгэрмөрөн голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-19 14:58:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т долдугаар сарын 18-ны үдшийн 20 цагийн орчим дөрвөн хүн зугаалж явснаас тус сумын Үерт багийн харьяат  21 настай иргэн М Дэлгэр мөрний усанд осолджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, нэг автомашин, нэг завьтай өчигдөр 20 цаг 11 минутаас эхлэн хоёр км-т завиар, гурван метрийн гүнд  зургаан удаа шумбалт хийн эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул 22 цаг 08 минутад түр зогсоожээ. 

Харин өнөөдөр өглөөний 06 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхэлсэн байна. Иймээс ард иргэдийг аялж зугаалахдаа гол мөрний усанд орохгүй анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна. 

Холбоотой мэдээ