Саакашвили Дээд Радагийн сонгуулиас намаа татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-20 12:02:29

КИЕВ. /Ukrinform/. Украины Одесс мужийн захирагчийн албыг хашиж байсан, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили “Шинэ хүчнүүдийн хөдөлгөөн” намаа Дээд Радагийн сонгуулиас татлаа. Тэрбээр Украины одоогийн Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн “Ард түмний зарц” намд саналаа өгөхийг баасан гарагт "Facebook"  хуудсаараа дамжуулан сонгогчдодоо уриалсан байна.


“Ерөнхийлөгч Зеленскийд хуучин улстөрчдөд буулт хийхгүйгээр олонхыг бүрдүүлэх боломж олгох ёстой гэж бодож байна. Тиймээс саналын хувь болгон одоо маш чухал” гэж тэрбээр бичжээ. Саакашвилигийн хэлснээр, тэрбээр намынх нь авч болох санал “Ард түмний зарц” намд парламентад олонхын суудал авахад нь саад болохыг хүсэхгүй байгаа аж. Тиймээс ширүүхэн хэлэлцүүлгийн дараа ийм шийдвэрийг дэмжсэн аж.


Украины парламентын ээлжит сонгуулийг аравдугаар сард явуулахаар төлөвлөж байсан боловч тавдугаар сард тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Дээд Радаг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө тараах зарлигт гарын үсэг зурж, ээлжит бус сонгуулийг долдугаар сарын 21-нд товлосон юм.


 


Холбоотой мэдээ